Ерөнхийлөгч бизнес эрхлэгчдийн саналыг сонсч байна

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч бизнес эрхлэгчдийн саналыг сонсч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын сүүлээр ОХУ-д айлчлал хийхээр болсон бөгөөд энэ хүрээнд бизнесийн төлөөлөгчдийн саналыг сонсч байна.

“Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн экспортыг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор болж буй дээрх уулзалтын эхэнд Ерөнхийлөгч хэлэхдээ “1990 оноос өмнө Монгол Улс экспортын бүтээгдэхүүнийхээ 90 хувийг ОХУ руу гаргаж байсан бол өнөөдөр 2.7-хон хувийг эзэлж байна. 2010 онд монголчуудын оросуудаас худалдаж авсан бараа,  бүтээгдэхүүн нэг тэрбум 200 сая ам.долларт хүрсэн бол монголчуудаас оросуудын худалдан авсан бараа, бүтээгдэхүүн 40 сая ам.доллар хүрсэн байдаг. Энэ нь худалдааны тэнцэл ихээхэн алдагдсаныг харуулж байгаа. Тийм учраас ОХУ руу айлчлалаар мордохын өмнө бизнес эрхлэгч та бүхнийхээ санал бодлыг сонсохыг хүслээ. Улс төр рүү хальтрихгүйгээр асуудлаа тодорхой хэлбэл сайн байна шүү” гэснээр уулзалт ярилцлагыг эхлүүлсэн юм.  

Уулзалтад хүрэлцэн ирсэн бизнесмэнүүдийн хувьд гол төлөв хойд хөрш рүү мах экспортлох бүрэн боломж байгаа ч өнгөрсөн жил гарсан шүлхий өвчнөөс болж, үндсэндээ энэ ажил зогсонги байдалд орсныг дуулгалаа. Шүлхий өвчин гарахаас урьтаж уурын аргаар бэлтгэсэн 4000 тонн махыг өнөө хэр нь экспортолж чадаагүй байгааг ч хэллээ. Мөнгөн дүнгээр тооцож үзвэл дээрх махыг бэлтгэхийн тулд 12 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаас авсан байна. Тиймээс Ерөнхийлөгчийг хойд хөршид айлчлах үеэрээ махны экспортын асуудлыг голчлон ярьж зохицуулж өгөхийг хүслээ. Мөн монгол махны экспортыг Новосибирск, Красноярск хүртэл гаргадаг байхаар зохицуулалт хийж чадвал  бизнес хийх таатай боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Түүнчлэн  энэ үеэр хөндөгдсөн бас нэг чухал асуудал нь ОХУ руу монгол иргэдийг визгүй зорчуулдаг болгох талаас улс төрийн шийдвэр гаргуулах нь хамгийн тулгамдсан асуудал болохыг ч онцоллоо. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж