Анод банкийг Д.Баярсайхан дампууруулсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Анод банкийг Д.Баярсайхан дампууруулсан гэв

Дампуурлаа зарлаад гурван жил болж буй Анод банктай холбоотой маргаан үргэлжилсээр байна. Тус банктай холбоотой асуудлаар Анод  банкны хохирогчдын түр хороо өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралд өмгөөлөгч Б.Отгонболд, Хохирогчдын түр хорооны гишүүн Л.Цэвээнравдан нар хүрэлцэн ирсэн байв. Тэдний үзэж буйгаар Анод банкийг алдагдалд оруулж, дампууруулахад хүргэсэн тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан Д.Баярсайханы хууль бус үйлдэлтэй холбоотой гэсэн юм.  Анод банкны хохирогчдын түр хорооны  гишүүн Л.Цэвээнравдан “Анхнаасаа хувьцаагаа будилаантай гаргасан. Үүнээс болоод Анод банк 2002 оноос байнга алдагдалтай ажиллахад хүрсэн юм. Үүнийг хянадаг газар нь Монголбанк. Анхандаа Анодын хувьцааг гаргахыг тогтоол үйлдэн хүлээн зөвшөөрөөгүй. Банкны хөрөнгө оруулагчид 24 тэрбумаар шатаж, 1300 хувьцаа эзэмшигч хохирсон” гэсэн юм.
Тэдний хэлж  буйгаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 100, 122 дугаар тогтоол гэгчийг гаргаж, банк дампуурахад хүргэсэн аж. Өөрөөр хэлбэл, эхний гаргасан 100 дугаар тогтоолдоо “Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заажээ. Удалгүй 122 дугаар тогтоол гаргаж өмнөх 100 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан “Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан байна. Энэ байдлыг банк дампууруулсан этгээдүүд овжин ашигласан” гэж Л.Цэвээнравдан мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы бүрэн эрхийн хугацаа дуусах ёстой атал ажиллах хугацааг дахин сунгасанд бухимдаж байгаа аж. Учир нь, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа тул төрийн албанд ажиллах ёсгүй гэж Анод банкны хохирогчдын түр хорооныхон үзэж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж