“Кино код”-д түүхэн кино яллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

“Кино код”-д түүхэн кино яллаа

Ард түмний санал асуулгаар кино бүтээх “Кино код” телевизийн шоу нэвтрүүлгийг "Боловсрол суваг" телевиз хүргэж байгаа билээ. “Кино код” төсөл тавдугаар сарын 16-нд хамгийн эхний бөгөөд хамгийн чухал сонголтоо хийлээ.

Төслийн эхний томоохон ажил болох киноны төрөл сонгох санал асуулгыг зохион байгуулагчид хоёр үе шаттай явуулсан юм. Үүний эхнийх нь мэдээллийн www.news.mn сайтаар нэг сарын турш авсан санал асуулга байсан бөгөөд нэг сарын хугацаанд www.news.mn сайтын www.movie.news.mn салбар сайт дахь "Та ямар кино бүтээлгэмээр байна" санал асуулгад 5000 гаруй хүн саналаа ирүүлсэн байна.

Харин хоёр дахь шат болох news.mn, gogo.mn, olloo.mn, zaluu.com, zarmedee.mn зэрэг Монголын тэргүүлэгч сайтуудад таван өдрийн турш нэгэн зэрэг байрлуулсан олон нийтийн санал асуулгад 7200 гаруй кино сонирхогч холбогдож саналаа илгээсэн байна.

Харин төслийн хүрээнд бүтээх киноны төрөл жанрыг сонгох хамгийн чухал үе болох "Боловсрол суваг" телевизээр тавдугаар сарын 16-ны 22.00 цагаас дөрвөн студиэс зэрэг дамжуулсан шууд нэвтрүүлэгт 11300 үзэгч холбогдож, дээрх таван вэб сайт болон 1950, 1970 шууд утас, үүрэн сүлжээний операторын 155-068 тусгай дугаарт мессэж илгээн, үнэт саналаа дамжуулжээ.

Бүтэн сарын турш үргэлжилсэн киноны төрөл сонгох санал асуулгад нийт 23573 хүн санал өгсөн гэсэн дүн гарч байгаа бөгөөд эдгээр саналын 35 хувь буюу 8250 хүний саналаар “ТҮҮХЭН” киноны төрөл энэ удаагийн санал асуулгад тэргүүллээ. Энд “Боловсрол суваг” телевизийн эфирт нэг цаг үргэлжилсэн шууд нэвтрүүлэгт 11 мянга гаруй кино сонирхогч санал ирүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Сарын турш үргэлжилсэн санал асуулгын тал хувийг нэг цагийн турш орон даяар шууд дамжуулсан, хөндлөнгийн хяналттай буюу шууд утсаар авсан санал эзэлж байгаа нь “Кино код” төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг илрэл юм.

Ингээд санал асуулгад “нэр дэвшсэн” бусад төрлүүдийн үзэгчдээс санал авсан байдлыг товч сонирхуулъя.  Хөгжимт буюу мюзикл, үлгэр домгийн, уран зөгнөлт, аймшгийн, мелодрам, дайн байлдааны, адал явдалт, түүхэн, инээдмийн гэсэн есөн төрөл санал асуулгад өрсөлдсөнөөс “ТҮҮХЭН” сэдэвт кино олонхийн саналаар тэргүүлж, түүний араас инээдмийн, адал явдалт, аймшгийн төрлүүд удаалжээ.

Ийнхүү төслийн эхний алхам болох хийх киноныхоо төрөл, жанрыг бүх нийтээрээ хамтран гаргаж, “Кино код” төслийн хүрээнд түүхэн сэдэвт кино бүтээх эхний алхмаа хийлээ. Цаашид сонгогдсон төрлийнхөө хүрээнд ямар сэдвийн дагуу хэн гэдэг зохиолчоор зохиолоо бичүүлэн, хэн, хэн түүхэн дүрүүдийг бүтээх,  хэн хит хөгжим, дуу зохион, хэн түүнийг ард түмэнд дуулж хүргэхийг бид бүхэн хамтдаа сонгох дараа дараагийн санал асуулгууд, сонирхолтой нэвтрүүлгүүдийг хүлээх л үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж