Сайн бүхний эхлэл – UBS телевиз Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот ТВ-ийн төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байна.
Үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилготой тус төсөлд Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монгол Улсын 22-40 насны иргэн хамрагдана. Төсөл 2014 оны долдугаар сарын 21-нд эхэлсэн бөгөөд 2015 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Нийгэмд бухимдал төрүүлж буй шийдлээ хүлээсэн асуудал, бэрхшээлийг шинэ эрч хүч, багийн хамтын ажиллагаа, ажил хэрэгч шийдлээр хэрхэн бүтээлч үр дүнд хүрч болохыг харуулах ач холбогдолтой тус төслийн эхний шатанд МонголУлсын 22-40 насны иргэн 2014 оны есдүгээр сарын 09-ний 18:00 цагаас өмнө оролцогчийн бүртгэлийн хуудас бөглөн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй эсээ бичиж, төслийн багт цахим шуудангаар эсвэл цаасан хэлбэрээр ирүүлнэ.
/Оролцогчийн бүртгэлийн хуудас, исээ хэрхэн бичих тодруулга болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.ulsturdshineod.mn болон www.manlailagch.mn цахим хуудсаар орж үзнэ үү./
Таны илгээсэн эсээг мэргэжлийн шүүгчид нэг бүрчлэн хэлэлцэж, дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн эсэхийг төслийн албан ёсны цахим хуудсаар зарлана.
Эсээг шалгаруулахдаа бичлэгийн ур чадвар,шинэ санаа, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хэрхэн хангах төсөөлөл зэрэг гурван үндсэн шалгуураар дүгнэнэ.