Шинэчлэлийн Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хоёр жил хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нүүрс борлуулах цэгээс нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр, 40 килограммын шуудайтай нүүрсийг 3200 төгрөгөөр иргэд худалдан авсан. Энэхүү асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Г.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх Төв аймгийн урьдчилсан саатуулах төвд хоригдож байгаа. Өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр АТГ-ын гадаа “Нүүрс” хөтөлбөрт ажиллаж байсан иргэд болон нийгмийн төлөөлөл жагсаал хийлээ.Тэд “Ард түмэн айдасгүй амьдармаар байна”, ““Нүүрс” хөтөлбөрийг зогсоосон АТГ буруутай”, “АТГ биднийг ажлын байраар хангах уу” гэх лоозонгууд барьж жагсаал хийлээ. Тэдний хувьд АТГ-аас болж “Нүүрс” хөтөлбөр зогсвол ажлын байраа алдаж, амьдрал нь хүндрэх учраас ийнхүү жагсч эсэргүүцлээ илэрхийлжээ.
Сүүлийн үед АТГ хэтэрхий улс төрийн захиалгаар ажиллаж байгаад айдастай байгаагаа жагсагчид ярилаа. Хэзээ нэгэн цагт “Нүүрс” хөтөлбөрт ажиллaж байсан гээд гэм зэмгүй байхад нь ачаад авчихгүй гэх баталгаа алга байгаа талаар ч шүүмжлэв.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн 12-р хорооны 147-р цэг дээр ажиллаж байсан Х.Цэцэгмаатай ярилцлаа.
-Өнөөдөр та бүхэн энд ямар зорилготой ирсэн бэ?
-Инфляци өсөөд өргөн хэрэглээний бараа өдөр ирэх тусам нэмэгдээд байна. Оюутны сургалтын төлбөр нэмэгдлээ, мах, ногоо гээд бүх юмны үнэ өссөөр байна. Гэтэл “Нүүрс” хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болоход үнэ нь нэмэгдээгүй. Ард иргэдийн ганц амь зогоож байгаа асуудал бол энэхүү хөтөлбөр байсан. Яагаад гэвэл малд ч гэсэн ингэж хэлдэг дээ. “Дундуур хэвтэш дулаан хэвтэр” гэж. Хүн нэг шөнө хоосон хонож болноо, харин нэг шөнө хүйтэн хонох ямар билээ. АТГ-ын дарга нар энэ зовлонг мэдэхгүй шүү дээ. Гэрээ дулаацуулах гэсээр байгаад дугуй түлж уушиг нь цоорч үхсэн хүмүүс цөөнгүй. Өнөөдөр орон сууц худалдан авах чадалтай нь хэд байна. Нийслэлийн айл өрхийн 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Гэтэл энэхүү хөтөлбөрөөс маш их мөнгийг хувьдаа завшсан гээд Н.Гансүхийг цагдан хорилоо.Үүнээс болж “Нүүрс” хөтөлбөр зогслоо. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээрээ амьдардаг гэр хорооллынхон өндөр үнэтэй нүүрс авахаар болж байна. Тиймээс бид ийм жагсаал хийхээс аргагүйд хүрлээ. Энд нийслэлийн бүх л дүүргийн төлөөлөл ирсэн юм байна.
– “Нүүрс” хөтөлбөрийг шүүмжлэх хүмүүс байдаг шүү дээ. Утаа тарилаа гээд?
– Гэр хорооллоо орон сууцжуулж чадахгүй бол утаа тарихаас яах юм. Цахилгааны үнэ нэмэгдчихлээ. Орон сууцны үнэ өндөр байна. Урьдчилгаа 30 хувиа төлөх чадвартай нь хэд байгаа билээ. Дүн өвлөөр АТГ-ын дарга нар гэр хороололд хоёр хоноод үзчих хэрэгтэй. Ямар дугуй түлэлтэй нь биш. Нүүрсээ түлэхгүй гээд яах вэ. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэвэл дарга нар өөрсдөө орон сууцныхаа үнийг хямдруулчих. Нэг шуудайтай нүүрс нь 40 кг байдаг. Түүнийг 3200 төгрөгөөр иргэдэд борлуулж байсан. Шуудай нүүрсийг хоёр хоног түлдэг. Энэ их боломжийн байсан. Энэ цэг дээр ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, шөнийн 23.00 цагт ч хаалга тогшоод хүн ирээд нүүрсээ аваад л явдаг тохиолдол маш их. Шөнө ч байсан, өглөө эрт ч иргэдэд үйлчилж байсан хүний хувьд ард түмэнд өгөөжтэй байсан. Ард иргэдийг хохироохгүй гээд хариуцлагатай хүмүүсийг ажилуулна шүү дээ. Мэдээж бүх зүйл хяналттай байсан. Яагаад ингэж буруутгаад байгааг гайхаад байна. Үнэхээр ард түмний хүсэж байсан хөтөлбөр байсан. Хүмүүс маш их сэтгэл дундуур байна. “Нүүрс” хөтөлбөр зогсох юм уу гээд санаа зовсон хүмүүс маш их байна. Хүмүүс маш ихээр ярьж байна. АТГ үнэн зөвөөр шийдэж өгөхгүй байна. Яагаад үүнд үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна. Ард түмнээсээ яагаад санал авсангүй вэ? Үүнийг бид ард түмнийг хохироосон, улс төрийн шинжтэй асуудал гэж бодож байна. Налайхын нүүрс үнэд орсны дараа ард түмэнд ямар хэцүү байлаа. Гэтэл энэхүү хөтөлбөр гэр хорооллын иргэдэд маш их эдийн засгийн өгөөжийг өглөө шүү дээ.
-“Нүүрс” хөтөлбөр дахин хэрэгжих боломж байгаа юу? Энэ хөтөлбөр зогсвол та бүхэнд ямар байх вэ?
-Энэ хөтөлбөр ирэх өвөл хэрэгжихгүй бол бид яанаа гэсэн асуудал иргэдийн дунд маш их байна. АТГ үнэхээр буруутай гэж байгаа бол уг цэг дээр ажиллаж байсан иргэдтэйгээ яагаад ярилцсангүй вэ. Налайхын нүүрс үнэд орсон шүү дээ. Гэтэл хөтөлбөр хэрэгжиж иргэдийн амьдралд ямар их нэмэртэй байлаа. Одоо бид эргээд үнэтэй нүүрсээ авах уу. Авлаа гэхэд авах боломжтой айл хэр их байгаа вэ? Тэр бүр иргэд нүүрсийг өндөр үнээр авах боломжгүй байна.
Ч.БОЛОРЧУЛУУН