“УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” төслийн дөрвөн баг хөдөө орон нутагт төслийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйтай танилцах, орон нутгийн залуусын мөрөөдөл тэмүүлэл, үзэл бодлыг хуваалцах зорилгоор эх орныхоо дөрвөн зүгт аялан ажиллаж байна.
Төслийн хойд зүгийн баг Орхон аймагт ажиллаж байна. Бүсчилсэн хөгжил, засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар сумын статустай болсон ч залуус “Эрдэнэт” хотоо өндөр хөгжилтэй том хот болгохыг хүсч мөрөөддөг. Төсөлд оролцох залуус ч эсээндээ ч энэ талаар түлхүү тусгасан байна.
Энэ сарын эхээр Орхон аймгийн залуучууд Хөвсгөл далайн эрэгт залуучуудынхаа чуулганыг зохион байгуулж, шинэ санаагаа хуримтлуулсан баримт бичгийг гаргажээ.
Харин Орхон аймгийн Жаргалант сум бол уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг сүү, цагаан идээ, хүнсний ногоогоор хангах зорилгоор байгуулагдан алаг тарлан үнээний фирм хэмээн алдаршиж байсан газар. Сумын удирдлага сүүлийн жилүүдэд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгой анхаарч түр ажлын байр, туслан гүйцэтгэх ажилд татан оролцуулж байна.
Сумын иргэд залуучууддаа итгэл хүлээлгэж, нутгийн хөгжилд шинэ үеийн шинэлэг санаа үнэхээр хэрэгтэй болсныг харуулжээ. Учир нь сумын иргэдийн хуралд 2012 онд эрс шинэчлэлт хийгдэж, 21 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд 39-өөс доош насны залуус сонгогджээ.
“Улс төрд шинэ манлайлагч” төсөлд ирүүлэх эсээ бүхэнд тусгасан шинэ санааг баг, сум, хороо, аймаг, дүүрэг, нийслэл, улс гээд хэрэгтэй газар бүхэнд шийдэл болгох боломж бий.
“УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” төслийн эхний үе шат Монгол Улсын 21 аймаг, 329 сум, есөн дүүрэг, 156 хороо болон дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа хүрч ажиллаж байна.
Г.ТҮВШИН