МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ Эрчим хүчний салбарт ажиллагсдын баярын мэндийг дэвшүүлье.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас Эрчим хүчний яамнаас улс орны өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах эх үүсвэр, шугам сүлжээг барих томоохон зорилт, арга хэмжээнүүдийг бодит бүтээн байгуулалт болгоход анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн жил Салхитын 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан бол энэ оны зургадугаар сард “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийг хүлээж авлаа. Удахгүй ирэх арваннэгдүгээр сард “ДЦС-4” ТӨХК-ийн 123 МВт-ын өргөтгөлийг хүлээн авч, шинээр 300 МВт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцыг ашиглалтад оруулна. Ингэснээр улс эх орны цахилгаан дулааны хэрэглээг найдвартай хангах нөхцөл бүрдэж, “Эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын жил”-ийн томоохон зорилт биелэгдэнэ.
Цаашилбал 450 МВт-ын хүчин чадалтай Дулааны 5 дугаар цахилгаан станцыг барихаар холбогдох шийдвэрүүдийг гаргаж, гүйцэтгэгч байгууллагуудтай Концессын гэрээ байгуулаад байна. Мөн Багануурын 700 МВт-ын, Тавантолгойн 450 МВт-ын, Шивээ-Овоогийн 270 МВт-ын, Баруун бүсийн 60 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцууд болон нэгдсэн системийн горимыг тохируулах, найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй томоохон чадлын УЦС-ууд барих төсөл хөтөлбөрийн ажил урагштай байна.
Аймгуудын дулаан хангамжийг сайжруулахын тулд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгуудад дулааны цахилгаан станц барьж, дулааны шугам сүлжээг шинэчлэх төсөл арга хэмжээг эхлүүлж, холбогдох гэрээг хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх компаниудтай байгууллаа.
Салбарын хууль, эрх зүйн орчинг цаашид улам боловсронгуй болгохын тулд “Эрчим хүчний хэмнэлтийн хууль”-ийг батлуулах, “Агаарын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах, “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодолгын баримт бичиг”-ийг боловсруулж, салбарын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрүүд болох “Эрчим хчүний нэгдсэн систем”, “Сум суурин газрын дулаан хангамж”, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”-үүдэд тусгах арга хэмжээг шинэчлэн тодорхойлж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.
Цаашид тус салбарыг хөрөнгийн дутагдлаас гаргах, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд үнэ тарифын асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалт болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байх нь эрчим хүчний салбарыг эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гаргах гол арга зам юм.
Эртний түүхт сайхан орныхоо шинэ зууны бүтээн байгуулалт хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавих хөгжлийн гараан дээр санаачлагч-бүтээгч байж, эрүүл энх, урт удаан сайхан амьдрахыг эрчим хүчний гал голомтын үүдийг сахигч инженер техникийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд та бүхэндээ хүсэн ерөөе.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД М.СОНОМПИЛ