Улс төрийн үймээн самуун, нийгэм дэх сэтгэл зовоосон олон асуудал, эдийн засгийн сулхан үзүүлэлтүүд гээд сүүлийн үеийн таагүй мэдээллүүд дунд чихэнд чимэгтэй сайхан үйл явдал болсон нь Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компанийн хооронд “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулсан явдал боллоо. Энэхүү гэрээ олон нийтэд төдийлөн сонирхолтой биш байж болох ч өмний говьд асар том эрчим хүчний сүлжээ бий болох анхны алхам, ач холбогдлын хувьд эдийн засагт маш чухалд тооцогдох юм.
Өмнийн говийг гэрэл цахилгаанаар хангаж, эдийн засаг үйлдвэрлэх зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар “Тавантолгойн цахилгаан станц” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд “Оюутолгой”-н оролцоо багагүй. Тус компанийн хувьд хөрөнгө оруулагч төдийгүй, хэрэглэгч. Тиймээс том үйлдвэрлэгч, том хэрэглэгч гэдэг утгаар говийн бүсд эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгох, цаашдаа эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хөрөнгө оруулах гэрээг үзэглэлээ.
Засгийн газрын зүгээс “Тавантолгойн цахилгаан станц”-ыг гадны хөрөнгө оруулалтаар барих бодлоготой байгаа юм. Энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл өмнийн говьд бүтээн байгуулалт өрнөхөөс гадна уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт өсөхөд нөлөөлөх болно. Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан “Бидний хоорондын хамтын ажиллагаа бол цахилгаан станц байгуулах харилцаа биш, ерөөсөө Монголд өмнийн эрчим хүчний систем байгуулах тухай асуудал яригдаж байгаа” гэснээс харахад Монголын Засгийн газар энэхүү гэрээнд онцгой ач холбогдол өгч байгаа нь илт.
Өнөөдрийн хувьд “Оюутолгой” компани Хятадаас эрчим хүч худалдан авч, үйлдвэрлэлээ явуулж байна. Энэ хэрээр их хэмжээний гадаад валют гадагшаагаа алдаж байгаа нь тодорхой. Макро эдийн засаг талаас нь харвал тус компани гүний уурхайгаа ашиглалтад оруулбал эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэх нь гарцаагүй бөгөөд үүнийг дотоодоосоо хангаж чадвал гадагшилж байгаа долларын урсгалыг Монголдоо шингээх бүрэн боломжтой. Харин микро эдийн засагт ажлын байр бий болж, өмнийн говийн эрчим хүчний үйлдвэрлэлээс татварын баазаа нэмэгдүүлэх боломж гарна. Тэгэхээр Монголын Засгийн газар, “Оюутолгой” компанийн хувьд нэг нь нөгөөдөө өгөх, авахын тухайд биш, өмнийн говьд эрчим хүчний томоохон систем үүсч буйд оршиж байгаа хэрэг.
Уул уурхайн салбарт асар их эрчим хүчний хэрэглээ бий болдог. Энэ утгаараа Монголын уул уурхайн салбарын гол бүс нутаг болчихоод байгаа өмнийн говьд эрчим хүчний үйлдвэрлэлийн сүлжээг бий болгосноор хөгжил дэвшил эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлөх юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдаа найдвартай, баталгаатай цахилгаан, эрчим хүчээр хангана гэдэг бизнесийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болох юм.
“Тавантолгой” мега төсөл дээр “Оюутолгой”-гоос гадна дахин хөрөнгө оруулагч шалгаруулна гэдгээ Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан ярьсан. Одоогоор дөрвөн хөрөнгө оруулагч үлдчихсэн байгаа бөгөөд Монголын зүгээс станцаас үйлдвэрлэх цахилгаанаа хямдхан өгөх хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах сонирхолтой байгаа бололтой. Учир нь “Тавантолгой”-н цахилгаан станцаас эрчим хүч худалдан авах олон компани байгаа. Тэдэнд хямдхан цахилгаан худалдаж байж л Хятад руу гарах долларын урсгалыг зогсоох боломжтой болох аж.
Албаны хүмүүсийн хэлснээр “Тавантолгой”-н мега төсөл дээр Японы хоёр, Солонгос, Францын хамтарсан консорциум, Солонгосын “Daewoo” компани байгаа гэнэ. Эцсийн шалгаруулалтаар тэдний хэн нь Монголын Засгийн газартай хамтрах вэ гэдгийг сонгох аж. Тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан төслийг мега төсөл гэж нэрлэдэг талаар төслийн захирал М.Энхсайхан нэгэнтээ тайлбарлаж байсан. Тэгвэл “Тавантолгой”-н цахилгаан станцыг барихад нэг тэрбум доллар буюу одоогийн ханшаар бараг хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.
Ямар ч байсан сүүлийн өдрүүдийн хар бараан мэдээлэл дунд ийм сайхан гэгээлэг үйл явдал болсон нь эдийн засгийн ач холбогдлоороо монголчуудын хувьд чухал үйл явдалд тооцогдох нь зүйн хэрэг биз. Нэг үгээр хэлбэл, өмнийн говь дахь эдийн засгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болох эрчим хүчний сүлжээ системийн эхлэл тавигдлаа. Энэ бол анхны алхам ч гэж хэлж болно.
Ж.ЭРХЭС