Ирэх есдүгээр сард Өмнөд Солонгосын Инчон хотод болох 17 дахь удаагийн Азийн наадамд Хойд Солонгосын тамирчид оролцохоор болжээ.
Азийн олимпийн зөвлөлд (OCA) Хойд Солонгосоос тус наадамд оролцох 150 тамирчны нэрсийг лхагва гаригт буюу наймдугаар сарын 13-ны өдөр өгсөн байна.
Хойд Солонгосоос Азийн наадамд усанд сэлэлт, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, гимнастик, хөлбөмбөг зэрэг спортын 14 төрөлд эрэгтэй 70, эмэгтэй 80 нийт 150 тамирчнаа илгээхээр болсон байна.
Инчоны Азийн наадамд Хойд Солонгосоос усанд сэлэлт 16 (эр 2, эм 14), гимнастик 12 (эр 6, эм 6), хүндийг өргөлт 12 (эр 5, эм 7), жүдо 10 (эр 4, эм 6) зэрэг төрлүүдэд хамгийн олон тамирчин оролцох юм байна. Мөн хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багийн 38 тамирчин (эр 20, эм 18) ногоон талбайд өрсөлдөнө. Хоёр Солонгосын асуудал ээдрээтэй байгаа энэ үед Өмнөдөд болж буй тус тэмцээнд Умардын зүгээс тамирчдаа оролцуулахаар болжээ.
Азийн орнуудын анхдугаар наадам 1951 онд Энэтхэгт зохиогдож эхэлсэн бөгөөд өдгөө дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдаж байна. Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг тус наадмыг БНСУ, Тайланд улсууд тус бүр гурав, БНХАУ, Япон тус бүр хоёр удаа, Энэтхэг, Филиппин, Индонези, Иран болон Катар улсууд тус тус нэг удаа зохион байгуулж байжээ.
17 дахь удаагийн Азийн спортын наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдана. Тус наадамд Азийн 45 орны шилдэг тамирчид спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Ч.БОЛОР