Алдарт аялагч ганцаарчилсан явган аяллаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Алдарт аялагч ганцаарчилсан явган аяллаа эхэллээ

Англи улсын иргэн, алдарт аялагч Риплей Давенпорт “Хүн байгальтай нягт
холбоотой” уриан дор ганцаарчилсан явган аяллыг Монгол Улсын нутаг
дэвсгэрээс өчигдөр эхлүүлжээ.  Тэрбээр Дорнод аймгийн Чойбалсан хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэл нийт 2750 км замыг зөвхөн ганцаараа явганаар туулах юм байна. Ингэхдээ 90 хоногийн хугацаатай аялна гэж тооцоолжээ. “Монгол 2010 экспедиц” уриан дор үргэлжлэх энэхүү аяллын гол онцлог нь Монголын өргөн уудам нутгийн хамгийн зүүн цэгээс хамгийн баруун цэг хүртэлх газар нутгийг ганц хүний бүрэлдэхүүнтэйгээр, хэн нэгний тусламж, дэмжлэггүйгээр явганаар туулахаар зориглосон хамгийн анхны түүхэн аялал болж байгаа аж.
Мөн энэхүү аялал нь хүрээлэн буй орчны зүгээс тулгарах элдэв хүндрэл бэрхшээлийг даван туулж, залуу насны урам зориг, эрч хүчээрээ өөрийн чадлаас хэтэрсэн үйл хэрэг бүтээж мөрөөдөлдөө хүрснээр хүний хүчин чадлаар бахархах сэтгэл төрүүлэх зорилготой юм байна.  Дорнод Монголын уудам талаас Их говь, Алтайн уулсыг хөндлөн гулд туулан Монголын баруун хязгаарт хүрэн, нийт 1700 мил буюу 2750 км зам хамрах энэхүү урт аяллын турш аялагч зориулалтын дугуйт тэргэн дээр 200 гаруй кг ачаа ачжээ.
Риплей Давенпорт Монголд хийх энэ аялалдаа гурван жил гаруй хугацаанд бэлтгэж, олон спонсор байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүний дотор аяллынхаа турш баримтат кино зураг авалт хийж, уг кино нь DISCOVERY CHANNEL сувгаар 2011 онд цуврал болон гарахаар төлөвлөгдсөн нь олны сонирхлыг татаж байгаа аж. Мөн аяллынхаа тухай ном бичинэ. Иймд уг аялал дэлхий даяар сурталчлагдан, Монгол орныг дэлхийн хүмүүст бодит төрхөөр нь таниулах завшаан болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой аж.
Түүнчлэн, аяллын хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд газар зүйн хичээл дээрээ Риплей Давенпорттой шууд харилцан Монголын газар орны тухай туршлага судлах юм байна.
Монгол орныг дэлхийд сурталчлан таниулахад хувь нэмэр болох үүднээс энэ аялалд Монголын хэд хэдэн компани спонсороор оролцож байгаа гэнэ. Тэдний тоонд “Изинис эйрвис”, “Говь”, “Визит Монгол” зэрэг компаниудыг онцгойлон нэрлэж болох аж. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Стокгольм хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам зэрэг төрийн байгууллага олон талаар дэмжлэг туслалцаа үзүүлжээ.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж