“Жи энд Юу голд” ХХК хууль зөрчөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

“Жи энд Юу голд” ХХК хууль зөрчөөгүй гэв

Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл МҮОНРТ-ийн мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Баянхонгор аймгийн Байдраг голын эх Тэгш гэдэг газар  алт олборлохыг завдаж буй алтны компанийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Хэвлэлийн хуралд аймгийн иргэдийн төлөөлөл болон нутгийнхан хүрэлцэн ирсэн юм. Иргэдийн төлөөлөл хэлэхдээ “Монголын алт” ХХК-ийн лицензээр” Жи энд Юу голд” ХХК алт олборлохоор техникээ оруулахыг эсэргүүцэж байгаа аж. Энэ компани эрх бүхий байгууллагуудаас үйл ажиллагаа  явуулах зөвшөөрөл албан ёсоор аваагүй. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг шаардана гэсэн юм. Мэдээллийн мөрөөр “Жи энд Юу голд” компанийн хэвлэлийн  ажилтан  Б.Мишээл дээрх асуудлаар тодрууллаа.

-Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар танай компанийг голын ай сав дотор олборлолт хийх гэж байна гэлээ. Үнэхээр голын урсац газар алт олборлох гэж байгаа юм уу?

-Иргэдийн хэлээд байгаа шиг голын ай сав дотор олборлолт хийх гэсэн зүйл байхгүй.  Монгол Улсын Усны тухай хуулийн хүрээнд орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу алт олборлохыг хориглосон бүс гэж  бий. Манайх тэр бүсэд хамаарахгүй. Тэгээд ч бид өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч техник хэрэгсэл оруулаагүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд асуудлыг дандаа буруу өнцгөөс нь тайлбарлаж шантаажалж байгаа нь харамсалтай. Манайх албан ёсоор зөвшөөрөл авсан, Баянхонгор аймагт 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа компани. Бид өмнө нь олборлолт явуулж байсан  газраа  нөхөн сэргээлтийг давуулан хийж ирсэн. Нутгийн иргэд, удирдлагад хариуцлагатай ажиллаж чаддаг гэдгээ харуулсан, цаашид ч хариуцлагатайажиллах болно.

-Хэдэн онд зөвшөөрлөө авсан бэ. Танай ажилчдыг шаардлага тавьсан иргэдийг сүрдүүлсэн гэх юм ?

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дугаар МВ 015651 дугаартай тусгай зөвшөөрөл  Ашигт малтмалын газраас 30 жилийн хугацаатай  олгосон. Харин тэд бидний үйл ажиллагааг зогсоогоод сар гаруй  хугацаа өнгөрч байна. Манай компанийн зүгээс хуулийн хүрээнд асуудлыг шийдэхээр хүлээцтэй хандаж байгаа.

-Танайхыг нэрээ өөрчлөөд  тэр хавийн газар нутгийг  цөлмөөд  дууссан гэдэг үндэслэлтэй юу?

-Жамп, Мак, Монголын алт” гэдэг тус тусдаа үйл ажиллагаагаа эрхэлдэг компаниуд. Тэдгээр компанийн нэрээр үйл ажиллагаа явуулсан нэг ч тохиолдол байхгүй. Мөн манай компанийг Баянхонгор аймгийн иргэд андахгүй мэднэ. Бид энэ аймагт ажиллах хугацаандаа орон нутагт боломжийнхоо хэрээр хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ирсэн. Бид хууль зөрчөөгүй гэв.

 С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж