Нью Мехикогийн элсэн цөлд шөнө болов.
Үүгээр өнгөрч явсан гэрэл зурагчин бөмбөлөг адил хөөрөх сарны гэрэл доорх хачин этгээд зураглалыг анзаарчээ.
Оршуулгын газрын цаадах тэнгэрийн хаяанаа гэрэл болоод харанхуй нэг нэгнийгээ уусган сүлэлдэх аж. Тэр даруй мөнөөх зурагчин машинаасаа үсэрч буугаад, камерныхаа өрцөө ч шалгаж амжилгүй ердөө ганцхан зураг даржээ. Үнэндээ түүнд өөр зураг буулгах боломж ч байсангүй.
Энэ бол 1941 он. Секундыг хэд хуваасантай тэнцэх агшинд түүхэн дэх хамгийн аугаа гэрэл зургуудын нэг гэгддэг “Moonrise, Hernandez” хальсанд буулаа. Гэрэл зурагчин нь байгалийн хар цагаан гэрэл зургаараа алдартай домогт Ansel Adams юм.
Энэ агшнаас хойш 70 гаруй жилийн турш эл зураг өчнөөн зуун удаа угаагдаж, олон мянган ширхэг ил захидалд хэвлэгдэж, дуудлага худалдаанд гайхам өндөр үнэ хүрснийг эдүгээ энд нэг бүрчлэн дурдах нь их хүмүүнийг хэний ч мэдэх магтаалын үгээр дэмий хачирлахтай адил илүүц хэрэг болох биз ээ.
Алив аугаа бүхэн харагдах байдал шигээ энгийн бөгөөд даруухан байсан нь дээр. Магад энэ зургийн эх хувийг харвал Та сэтгэл гонсойж ч мэдэх юм. Энгийн л нэг зураг. Жижигхэн хэмжээтэй. Ясан цагаан өнгөтэй шарилын чулуунууд нойрмогхон шөнийн бүрийд арай чүү цайран гэрэлтэнэ. Гэхдээ нэг л зүйл бат ноттой нь, энэ зургийг нэг л харах юм бол зургийн миллиметр бүр нүдний харцнаас үл мултарч, шөнийн харанхуйтай тэмцэлдэх байгаль хийгээд чимээгүй хотын хар цагаан өнгө төрхийг сэтгэлдээ мэдрэх болно. Нэг үгээр, хар цагаан өнгө бодол болж хувирах ажгуу.