Энэ сардаа дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Энэ сардаа дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй

Сүүлийн хагас сарын хугацаанд үргэлжлээд буй дизель түлшний хангамжийн талаар Газрын тосны газар сэтгүүлчдэд мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14 200 тонн дизель түлшний нөөц байгаа гэнэ. Энэ нь ердийн хэрэглээгээр бол 10 орчим өдрийн хэрэгцээг хангах нөөц юм байна. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан Ажлын хэсгийн нийлүүлэгчидтэй хийсэн хэлэлцээрийн дагуу эхний түлш иржээ. Тухайлбал, урьд шөнө 180 тонн дизель түлш “Шунхлай” компанид буусан гэнэ. Цаашид дээрх хэлэлцээр ёсоор 40 мянган тонн дизель түлш ирэхийн 25 мянган тонн нь энэ сард багтаж ирнэ. Харин үлдсэн 16 мянган тонн нь зургадугаар сарын эхэнд ирэх аж. Учир нь тус дизелийг ОХУ-ын “ТНК” компанийн баруун үйлдвэрүүдээс авчрах болохоор газар нутгийн хувьд хол юм байна. Тиймээс тэндээс дизель авчрахад наад зах нь 20 орчим хоногийн хугацаа шаардагдах ажээ. Харин энэ сард багтаж 25 мянган тонн нь ирэх ба жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй гэж Газрын тосны газрын орлогч дарга мэдэгдсэн юм. Цаашид төмөр замын хүчин чадлынхаа хэмжээгээр өдөр бүр дизель түлш импортолно. Тодруулбал, бямба гаригт 3421 тонн, ням гаригт 2847 тонн дизель түлш оруулж ирэхээр төлөвлөсөн байна. Тэгэхээр ирэх долоо хоногоос эхлээд шатахууны хязаарлалт хийхээ больж, хангамж сайжрах ажээ. Монгол Улсын дизель түлшний нэг сарын хэрэгцээ 35 мянган тонн байдаг ба энэ сард хэрэгцээний дизелиэ авч чадна гэж албаныхан мэдэгдлээ. Тэгвэл тариалалтад 2,7 мянган тонн түлш хэрэглэх ба шатахууны хомсдол тариалалтад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн юм.

Дизель түлш хүрэлцээгүй байгаагаас улбаалж барилга, бүтээн байгуулалтын компаниуд ажлаа эхлүүлж чадахгүй байгаа. Харин тус газрын орлогч дарга Ц.Амраа “Өчигдөр ЭБЭХЯ-нд Авто тээврийн газар, “Шарын гол”, “Шивээ-Овоо” болон “Багануур” зэрэг улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж дизель түлшний хангамжийн асуудлаас болж ямар нэгэн ажил зогсоогүй байгаа гэсэн” хэмээн ярилаа.

ОХУ-д үүссэн дотоод нөхцөл байдлаас улбаалж Монголд дизелийн хомсдол үүссэн байгаа. Хойд хөршийн байдал зургадугаар сараас сайжирч нийлүүлэлтээ хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ манай талд мэдэгдсэн гэнэ. Юутай ч зургадугаар сард хамгийн багаар бодоход 30 мянган тонн, боломж бололцоо бүрдвэл 45 мянга хүртэлх тонн дизель түлш нийлүүлэх гэнэ. Гэхдээ нийлүүлэгч компаниудын үнийн санал зөрүүтэй байгаа учраас үнэд өөрчлөлт орж магадгүй юм байна. Үнийн санал тавдугаар сарын сүүлчээр тодорхой болохоор Засгийн газар онцгой албан татвараар зохицуулалт хийж, жижиглэнгийн үнэ хэд байхыг тогтоох ажээ.

Тэгвэл авто замын компаниуд байр сууриа илэрхийлэхээр бэлтгэж эхэлсэн байна. Шатахуун импортлогчид тэдэнд зарах дизель түлшнийхээ үнийг 1875 төгрөг гэж тогтоосон гэнэ. Хэдийгээр Засгийн газрын Ажлын хэсэг нөөцийг сайжруулах хэлэлцээр хийж, онцгой албан татвараар зохицуулалт хийсэн ч тэд өндөр үнээр шатахуун зарах нь хэмээн тэд бухимдаж байгаа юм. Авто зам барилгын тендер авсан компаниуд түлшний хомсдлоос үүдээд ажлаа эхлүүлж чадахгүй байгаа. Харин нийлүүлэлт сайжирлаа ч үнэ нь өсч буйд тэд гомдолтой байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж