Туршилтын эм өвчтөнд өгөхөөс татгалзав

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Туршилтын эм өвчтөнд өгөхөөс татгалзав

 

Эбола вирусын халдвар авсан Сьерра Леоны эмчийг эмчилж буй эмч нар  түүнд туршилтын эм өгөхийг эсэргүүцжээ. Учир нь эмийн сөрөг нөлөө хэтэрхий аюултай байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.  Олон улсын “Хил хязгааргүй эмч нар” ТББ-ын эмч нар хүнд ямар эерэг, сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байгаа эмийг туршилтаар өвчтөнд өгөхийн эсрэг байгаа юм. Учир нь уг эмийг хүнд туршиж үзээгүй байгаа юм байна.

 

Сьерра Леонд өөр нэгэн эмч Эбола вирусын халдвараар нас барснаас хойш туршилтын шатанд яваа эмийг тодорхой хэмжээгээр өвчтөнүүдэд тарааж, үр дүнтэй эсэхийг нь  харах тухай маргаан дэгдээд байгаа гэнэ. Баруун Африкт дэгдээд буй Эбола вирусын халдвараар мянга гаруй хүн амиа алдаж, халдвар авсан хүмүүсийн тоо 2000 хол давжээ. Вирусын халдвар Гвиней, Либери, Нигери зэрэг орнуудад нэлээд тархжээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд, хамгаалалт хэрэгсэлгүй ажилласан эрүүл мэндийн ажилтнууд аж.

 

“Хил хязгааргүй эмч нар” ТББ-ын эмч нарын хэлснээр туршилтын эмчилгээ явуулах гэж байсан эмчийн дархлааны систем нь  сайжирч байсан учраас уг эмийг өгөхийг зөвшөөрөөгүй байна.  Эмчийн бие сайжирч байгаа бөгөөд удахгүй Европын эмнэлэг рүү шилжүүлэх ажээ.

 

Дархлааг сайжруулж, эсрэг биеийг ялгаруулснаар хорууг устгахаар бүтээсэн вирусын халдварын эсрэг ZMapp эмийг түүнээс хойш тусламжийн хоёр ажилтан болон нэгэн Испанийн нэгэн итгэгчэд өгчээ. Тусламжийн хоёр ажилтны бие сайжирч байгаа боловч итгэгч нь нас барсан байна.

 

Тиймээс эмийн сайн муу нөлөөг тогтоох эрт байгаа ажээ. Канадын Засгийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 800-1.000 тун Эбола вирусын эсрэг туршилтын вакцин илгээхээ амласан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэдгээр туршаагүй вакциныг эхний ээлжинд ямар өвчтөнд өгөхийг шийдэх мэргэжлийн эмч нарыг томилохоор болжээ.

 

Орчуулсан Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж