Эдийн засгийг идэвхижүүлэх зорилгоор Засгийн газар “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, УИХ-аас холбогдох хуулиудыг батлуулан ажлаа эхлүүлж байсан бол энэ сарын 18-нд хугацаа дуусч тайлангаа тавих болж байна. Тодруулж хэлбэл, Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, дүнгээ тавиулна. Ерөнхий сайдын зүгээс 50 хоногийн хугацаанд амжуулсан ажлаа өнгөрсөн зургадугаар сарын 20-нд УИХ-д танилцуулж байсан юм. Тухайн үед Засгийн газар ямар ажлууд амжуулсан, сөрөг хүчин түүнд нь ямар дүн тавьж байсныг эргэн нэг сануулъя.
Н.Алтанхуяг: Урсгал зардлыг 38.4 тэрбумаар бууруулсан
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монгол Улсын Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Өрийн удирдлаганы тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухайхуулийн төслүүд зэрэг нийт 29 хууль, тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлжээ.
Мөн төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих ажлын хүрээнд төсвийн тодотголоор хэмнэх боломжтой зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулаад байна. Төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг нэгтгэн зохион байгуулах, аж ахуйн тооцоонд үе шаттай шилжүүлж төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээг авах чиглэлээр “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэллээ.
Аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний угсралтын, сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэх ажлууд үргэлжилж байна.
С.Бямбацогт: Монгол Улсаа галзуу хөгжүүлнэ гэсэн яасан бэ?
-Эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэсэн үг маань сүүлдээ суларсаар эдийн засгийн уналтыг зогсоох гэдэг байдлаар их л бөөрөнхий юм болж дуусах нь. Монгол Улсаа галзуу хөгжүүлнэ гэсэн чинь яасан бэ гэдэгт хариулт олдоггүйтэй адил эдийн засгийг эрчимжүүлэх эсэхэд мөн л хариулт байхгүй болох юм байна. Харин буруутан нь УИХ болох юм байна гэж Ерөнхий сайдын үгнээс ойлголоо. Өнгөрсөн хугацаанд 29 хуулийн төсөл өргөн барилаа, их л цөөхөн нь батлагдлаа, та нар л баталсангүй гэж Ерөнхий сайд хэллээ. Эцэстээ эдийн засгийг эрчимжүүлээгүйн буруутан нь УИХ, бүр сүүлдээ МАН-ын бүлэг болж хоцрох юм байна гэсэн ойлголт авлаа. Харамсалтай байна.
Сү.Батболд:Өсөлт иргэдэд яагаад наалдахгүй байна
УИХ-ын гишүүн Сү.Батболд:-Сая Ерөнхий сайд мэдээлэлдээ өмнөх хөрөнгө оруулалт зөвхөн Оюутолгой дээр суурилж байсан гэж хэллээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хийсэн мэдээллээр 2011, 2012 онд гадаадаас орж ирсэн нийт валютын урсгалын 20-30 хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж, 2013 онд Оюутолгойтой холбоотой валютын урсгал хэдийгээр багассан ч гэсэн нийт валютын урсгалын 60 хувийг эзэлж байна гэж мэдээлсэн. Валютын урсгал ямар байгаад ямар болсон, тэр дотроо Оюутолгойн оруулж буй урсгал ямар хэмжээнд хүрснийг харж болох юм. Энэ тоон үзүүлэлтүүдийг болгоомжтой авч үзэхгүй бол зөрүү ойлголттой, тоо баримтаар зөрсөн маргааны сэдэв болох вий дээ. Мөн бодлогын залгамж чанар дээр шууд хөрөнгө оруулалт нөлөөлж байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Бодлогын залгамж чанараа хадгалсан, өмнөх хийж байсан зүйлд алдаа байсан бол засч залруулсан дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт их чухал юм. Бид ч бас Засгийн эрхэнд байхдаа ийм санал санаачилгыг гаргаж байлаа. Хөгжлийн бодлогыг сонгуулиас сонгуульд биш дунд хугацааны, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт хийе гэдэг энэ саналыг Ерөнхий сайд та юу гэж бодож байна вэ. 100 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг шууд нэмэгдүүлээд явах боломж маш хомс, тэгээд ч зээл аваад асуудлыг шийдээд явах нь сөрөг олон зүйлийг дагуулна. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх бодлогыг бид барьж байсан, энэ бодлого хэрэгжих боломж байгаа юу, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай ямар бодлого барьж байна вэ. Эдийн засаг унаж байгаа ч өсөлт байгаа гэж Эдийн засгийн хөгжлийн сайд мэдэгдэж байгаа. Энэ өсөлт яагаад хүн дээрээ очих, цалин хөлс тэтгэвэр тэтгэмж, халамжийн зохистой бодлого дээрээ очихгүй байна вэ, эсвэл иргэдийн шүүмжлээд байгаа томоохон компаниудад энэ өсөлт наалдаад байна уу.
М.Энхболд: Төсвийн орлого 396 тэрбумаар тасраад байна
УИХ-ын дэд дарга М.Энхболд:- Эдийн засгийг эрчимжүүлэх талаар хийж байгаа ажилдаа хэр зэрэг зөв онош тавьж байна вэ гэдгээ нягталж байна уу. 100 хоногийн тоолуур гүйж эхэлснээс хойш харсаар байтал валютын ханш өдөрт нэг төгрөгөөр нэмэгдсээр, томоохон компаниуд 200-300 ажилтнаа чөлөөлж, дундаж компаниуд 20-30 ажилтнаа халлаа. Нэлээд компани үүд хаалгаа барьчихлаа. Бодитой үр дүн өгдөггүй юмаа гэхэд бизнес эрхлэгчдэд боломжийн байдал бий болох нь сигнал өгөх эсэхэд эргэлзээтэй байна. Эхний таван сарын байдлаар төсвийн орлого 396 тэрбум төгрөгөөр тасарсан. Сангийн сайд нь болохоор өнгөрсөн жилтэй харьцуулахад гайгүй байна гэх юм. Гэвч 2013 оны турш 400 тэрбумаар тасарч байсан бол одоо эхний таван сарын байдлаар үүнтэй ижил үзүүлэлттэй явна. Эдийн засаг сайжирч байгаа гэдэг, гэтэл тоо нь муудаж байгаа байдал ажиглагдаж байна. Одоо бол улсын хэмжээнд бүтээн байгуулалт хамгийн эрчимтэй өрнөж байх ёстой үе. Эхний таван сарын байдлаар 637.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил улсын хэмжээнд хийгдсэн байх ёстой. Гэтэл 221,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байна. Баталсан төсвийн гуравны нэгийн ажил нь хийгдэж мөнгө нь санхүүжигдсэн, гуравны хоёр нь тодорхой ажил эхлүүлээгүй байна. Орон нутгийн аж амьдрал хүнд байна гэсэн мэдээлэл ирж байна. 21.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг орон нутагт үзүүлэх ёстойгоос 12 тэрбумыг л өгсөн байна. Нааштай үр дүн харагдахгүй байна. Энэ асуудалдаа яаж хандаж байна гэж асуух гэхээр Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайд нар хуралдаа ирдэггүй. Ерөнхий сайд нь болохоор өнгөрсөн хоёр жил өмнөх Засгийн газар гэж хэсэг аргацаасан, одоо юм л бол УИХ руу бухах шинэ сэдэвтэй болсон нь ажиглагдаж байна.
Ч.Хүрэлбаатар: Бодлогын хүүг бууруул
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:- Н.Алтанхуяг сайд та алдаагаа нэг л гүйцэд олж харахгүй байна. Гадаадаас Монгол руу чиглэсэн валютын урсгал саарсан үед мөнгөний болон төсвийн бодлогоо тэлж чаддаггүй юм. Монголын гурван сая хүнд таван жилийн турш сар тутам олгож болох мөнгийг Үнэ тогтворжуулах нэрээр цөөн тооны аж ахуйн нэгжид тарааж болдоггүй юм. Монгол Улсын сан хөрөнгөөр өнгөрсөн хугацаанд та бүхэн тоглочихлоо. 2008 онд дэлхийн санхүү, эдийн зкасгийн хямрал болж байхад ямар арга хэмжээ авч байсныг танд хэлье. Засгийн газраас оруулж ирж байсан төсвийн орлогыг 300 тэрбумаар хасч байсан. Данхар захиргааны болон үр ашиггүй, тэвчих боломжтой бүх зардлаа танаж байсан. Бодлогын хүүг тэр үед дөрвөн пунктээр нэмж байсан. Ингэж байж 100 хоногт эдийн засгаа тогтворжуулах болохоос таны хоёр жилийн турш ярьсан лоозонгуудаа яриад байвал эдийн засаг сэргэхгүй. Бодлогын хүүг дөрөв, шаардлагатай бол таван пунктээр нэм. Үр ашиггүй зардлаа хас. Хоёрын хооронд төсвийн тодотгол оруулж ирж гишүүдийг бүтэн сар нервтүүлж байхаар жинхэнэ төсвийн тодотголоо оруулж ир. Ийм бодлогын арга хэмжээгээ авахгүй бол 100 хоногт үр дүн гарахгүй шүү. Ярьж байгаа юмнуудын үр дүн 10-20 жилийн дараа ч гарч магадгүй. Нүдээ аньж байгаад бодлогын арга хэмжээнүүдийг авамгүй байна.
Ц.Нямдорж: Худлаа хэлдэг хүн нэмэгдэж байна
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:- Ерөнхий сайд аа, 100 хоногийн ажил хариуцсан ажлын хэсгийн хүн 20 жилийн дараачийн юм яриад хэнхэглээд суух юм. Тэр хүний ажилд хяналт тавиач. Албан ёсны худлаа хэлдэг нэг хүн нэмэгдэж байх шиг байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэж албан ёсны байгууллага байхад хайран мөнгө. Төмөр замд Засгийн газар мөнгө өгөхгүй байна гэж А.Гансүх сайд хэд, хэдэн удаа мэдэгдсэн. Төмөр замынхаа ажилд шаардагдах үлдсэн мөнгөө яах юм. Эрчимжүүлэх арга хэмжээний тогтоолд Төрийн өмчийн хороо болон төрийн өмчийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө гэсэн. Ийм гарын дор байгаа саналыг хурдан оруулж ирээд шийдэж болдоггүй юм уу. Ш.Түвдэндоржоос асуухаар хагас сайнд шийднэ л гэсэн. Дарханы чиглэлийн зам болохоо байж. Саяхан тэнд нэг шөнө есөн осол гарсан гэх юм. Гол хөдөлгөөн өрнөдөг энэ замын асуудлыг яах вэ. Хэдэн жилийн дараа хэрэгжих нь мэдэгдэхгүй хурдны замын тухай үлгэр ярьж суухын оронд Дарханы замаа шийдчихэж болохгүй юу.
Н.Алтанхуяг: А.Гансүх сайдын мартсаныг сануулсан
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:- Бондын мөнгөөс 400 сая ам.доллар төмөр замд гаргая гэж анх шийдээд 200 саяыг өгсөн. Өгсөн мөнгөөр баахан далан хийж байгаа. Одоо дахиад 200 саяыг нэхээд байгаа. Гэтэл А.Гансүх сайд нэг юмаа мартчихаад байгааг би сануулсан л даа. Тусгай зориулалттай компанийг Монголын тал гадаадын хөрөнгө оруулагч хоёр нийлүүлж байгуулаад эндээс санхүүжилт гарах ёстой. Хувийн хөрөнгө оруулагч орж ирээгүй байхад Монгол Улс дангаараа 400 саяар далан барина гэдэг хэцүү. Тэр далан дээгүүр ямар царигтай юм явах нь өнөөдөр болтол тодорхойгүй байгаа учраас ямар компани хөрөнгө оруулах билээ. Тийм учраас царигийн асуудлыг тодорхой болгох нь зүйтэй гээд сайн, муу хэлүүлж байгаад тогтоолын төсөл өргөн бариад байгаа. Ө.Энхтүвшин гишүүн ярилаа, зам их барьж байгаа нь сайн ч бондын мөнгөөр барьж байна гэж. Тэр бол үнэн үг. Төрийн өмчийн хорооны талаар гишүүдийн санаачилсан хуулийн төслийг С.Одонтуяа нарын гишүүд санаачилсан. Төрийн өмчийн хороо гэдэг байгууллага цаашдаа байх шаардлагагүй, Сангийн яаманд бүртгэлийн шинжтэй байлгая гэсэн концепцтой бид санал нэг байгаа. Дарханы замын асуудлыг 14 хоногийн өмнө шийдчихсэн.
Ө.Энхтүвшин: Валютын төгрөгтэй харилцах ханш 40 төгрөгөөр өсчихлөө
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:-Валютын ханшийн өсөлтийг Ерөнхий сайд та юу гэж үзэж байна вэ. Монголбанкнаас асуухаар нэг тайлбар хэлдэг, Засгийн газрын гишүүд бас өөр юм ярьдаг. 40 хоногийн хугацаанд дахиад 40 төгрөгөөр өсчихлөө гэж байна. Та ингээд л явж байг гэж бодож байна уу. Энэ талаар авах арга хэмжээ байхгүй гэсэн үг үү.
С.Болд: III улирлаас валютын урсгал нэмэгддэг
Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх Болд:- Төгрөгийн гадаад валюттай харилцах ханш сүүлийн үед 1820-1825-ын төвшинд хэлбэлзэж байна. Энэ нь оны эхнээс 10 орчим хувиар суларсан үзүүлэлт. Долоо хоногт дунджаар 0.7 хувиар хэлбэлзэж байна гэсэн үг. Өнгөрсөн онд төгрөгийн гадаад валюттай харилцах ханш 19 хувиар суларсан. Яг одоогийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Суурь шалтгаан нь төлбөрийн тэнцлийн хүндрэл, түүнээс шалтгаалсан гадаад валютын гадагшлах урсгал, орж ирж байгаа урсгал огцом саарсантай холбоотой. Ажиглагдаж байгаа эерэг хандлага бол гадаад худалдааны алдагдал оны эхний таван сарын байдлаар 200 сая ам.доллар буюу дөрөв дахин буурсан. Үүний цаана импортын орцтой бизнесийн салбар нэлээд агшиж байгаа нь харагдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, хувийн хэвшил бие дааж гаднаас эх үүсвэр босгосон тохиолдолд валютын нийлүүлэлт нэмэгдсэнээр төгрөгийн ханш долларын эсрэг тогтвортой байх нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэж харж байна. III улирлаас эхлэн эдийн засагт экспортын орлогоос үүдэлтэй валютын урсгал нэмэгддэг. Хоёрдугаар хагас жилийн дүр зургийг эхний хагас жилийнхээс арай эерэг болно, энэ нь валютын зах зээлд нөлөөлөх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Ж.Энхбаяр: Эрдэнэс тавантолгойн өр 850 тэрбум болоод нэмэгдчихэж
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:-Монголын нийгэм эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг л хүлээгээд байна. Ханшийн уналт зогсох уу, эдийн засаг тогтвортой болох уу, цалин, тэтгэврийг нэмэх үү гэдгийг иргэд хүлээж байна. Ус, цахилгаан, дулааны үнийг нэмнэ л гэнэ. Үүнийг олон түмэн тэсэх үү. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт унаад, монголчуудад итгэхгүй болчихоод байна вэ. Хоёрхон жилийн өмнө эдийн засгийн өсөлт маань дэлхийд гайхагддаг байсан. Одоо бол зүүд зэрэглээ шиг болж. Түрүүн ярилаа. Машин унах эрхгүй 220 албан тушаалтанд 20 тэрбум төгрөгөөр 197 машин авсан байна. Энэ чинь 20 цэцэрлэг барих, царцсан 20 объектийг босгох мөнгө. Гэтэл та нар “бид жижиг сажиг асуудалд орохоо больсон” гэх юм. Ийм юмыг яагаад өөгшүүлээд сууж байгаа юм бэ.
Бидний гол найдлага экспортоо нэмэгдүүлэх. Нүүрсний уурхайнууд ямар байдалтай байгааг Ерөнхий сайд та мэдэж байгаа юу. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр нь 850 тэрбум болоод нэмэгдчихэж. Өр яагаад үүссэн бэ гэхээр таны дүү охин, Дэнзэнгийн эхнэр 4.8 тэрбум төгрөгөөр дөрвөн талт хашаа зарчихсан байх юм. 17 тэрбумын тендер авч байсан нэг тэрбумын үнэлгээтэй компанийн нөгөө хашаа нь яахаараа 4.8 тэрбум болоод энэ компанид шахагдсан байдаг юм бэ. Арай дэндэж байгаа юм биш үү. Та турж үхэх гээд байна уу.
Н.Алтанхуяг: Би тийм асуудалд ордог хүн биш
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:- Инфляц ноднин жилийнхтэй харьцуулахад тэг аравны хэдэн хувиар нэмэгдсэн нь үнэн. Монголбанктай хамтарч ажиллахаар оны эцэст буурна. Үнэ цаашдаа төдийлөн өсөхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт хоёр жилийн өмнө Оюутолгойтой холбоотойгоор өссөн. Гадаад юу байхав ганц компанийн л хөрөнгө оруулалт. Бид цаашдаа дандаа ийм хөрөнгө оруулалттай байх юм байна гэсэн ойлголтоор молиго үмхүүлсэн юм билээ. Тавантолгой дээр надад тийм асуудал байхгүй. Ноднин таныг наад асуудлаар хичээллээд байхаар чинь би хэлсэн дээ. Буруу зөрүү юм байвал хууль хяналтын байгууллагаар тогтоолго гэж. Би тийм асуудалд ордог хүн биш. Өөр шигээ битгий санаж бай.
Г.ДАРЬ