Үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед Монголын эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлэх “Оюутолгой”-н зүгээс гэгээтэй мэдээ сонсогдохгүй байсаар наймдугаар сар талдаа оржээ. Ерөнхийдөө он шувтарахад гурван сар илүү хугацаа үлдэж байгаа хэдий ч “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх талаар хувь нийлүүлэгчдийн зүгээс тодорхой, тоймтой мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Байдлыг ажвал гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал энэ жил ч бүтэхгүй байх магадгүй шинжтэй. Учир нь Монгол орны цаг уурын онцлог өөр, ирэх есдүгээр сард товлосон хугацаандаа зээлийн асуудлыг нааштайгаар шийдлээ гэхэд ирэх оноос л бүтээн байгуулалтын ажил нь эхлэх болов уу гэсэн хүлээлт байна. Мэдээж, гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал хойшлогдох нь хувь нийлүүлэгчдэд аль алинд нь ашиггүй. Бизнест цаг алдах тусам мөнгө хойшлогддог бичигдээгүй хуультай. Гэтэл нэмэр дээр нэрмээс гэгчээр Монгол Улс “Оюутолгой”-той татварын маргаан үүсгэчихсэн, хувь нийлүүлэгчид энэ асуудлаас болоод арбитрын шүүхийн хаалга татаж магадгүй байдал үүсээд байгаа. Угтаа бол Монгол, “Рио Тинто” хоёр нэг завинд явж байгаа хамтрагчийнхаа хувьд энэ асуудлыг эвтэйгээр шийдвэрлэх ёстой юм.
Гүний уурхайг ашиглалтад оруулахад нийт 4-5 тэрбум доллар шаардлагатай, үүнийг зээлээр шийдвэрлэх талаар хувь нийлүүлэгчид Лондон, Улаанбаатар дамжин багагүй хугацаанд хэлэлцээр хийсэн. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, хөрөнгө оруулагчид ч энэ зээлийг яаравчлан авах сонирхол бага байгаа нь илт. Чухамхүү иймээс л зээлийн хугацааг дахин, дахин сунгах болсон биз. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт ирэх есдүгээр сард шийдэгдэх талаар Рио-Тинто мэдээлсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Гэхдээ энэ нь яг таг баталгаатай хугацаа биш. Өнгөрсөн гуравдугаар сард ийн мэдэгдэж байсан Рио-Тинто ямар нэгэн тайлбаргүйгээр хөрөнгө оруулалтын хугацааг есдүгээр сар хүртэл хойшлуулсан билээ. Тэгээд ч гүний уурхайг 2016 онд ашиглалтад оруулна гэсэн хөрөнгө оруулалтын гэрээгээ мөрдөнө гэвэл Рио-Тинтог шахаж, шаардах эрх монголчуудад байхгүй гэсэн үг. Тэгэхээр ирэх хоёр жилийг монголчууд хүлээлтийн горимтой, хөрөнгө оруулагчдыг харсан, гуйсан байдалтай өнгөрөөхийг үгүйсгэхгүй. Үнэндээ бол “Оюутолгой”-н хоёр дахь шатны санхүүжилт Монголын эдийн засагт юу юунаас ч илүү чухал байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар унахад хүрсэн гол шалтгаан нь “Оюутолгой”-н асуудал байж болох талтай.
Яагаад гэвэл зэс, алтныхаа нөөцөөр дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа “Оюутолгой”-н ордыг хамтран эзэмшиж буй гэдэг утгаараа Рио-Тинто болон Монгол Улсын үйлдлийг хөндлөнгөөс ажиглаж суугаа хөрөнгө оруулагч цөөнгүй бий. Ялангуяа жижиг хөрөнгө оруулагчдын хувьд том хөрөнгө оруулагчдын ая заныг ажиглаж байдаг нь бизнесийн дүрэм. Энэ жилийн “Дисковер Монголиа”-д хөрөнгө оруулагчид ирэхгүй байгаагийн бас нэгэн шалтгаан нь “Оюутолгой”-н гацаа байж болохыг хэн мэдлээ. Дэлхийд дээгүүр ордог Рио-Тинтотой хамтарч ажиллаж чадахгүй байгаа монголчуудад молигодуулахыг хөрөнгө оруулагчид хүсэхгүй байна шүү дээ. Ерөнхийлөгчийн хэлснээр хөрөнгө оруул гэж урьж залчихаад баахан зуудаг нохойгоо өмнөөс нь тавьчихсан монголчуудын хувьд өнөөдөр “өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэгч болж байна.
Хэрэвзээ эдийн засгаа сэргээж, долларын ханшийг тогтворжуулъя гэвэл дэлхийн анхаарлын төвд байгаа Тавантолгой, Оюутолгойгоо урагшуулъя. Энэнээс өөр эдийн засгийн хямралаас гарах гарц одоохондоо байхгүй шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН