2012 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013-2015 онд хэрэгжүүлэх “Цахим парламент” төслийг УИХ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
- Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны системийг шинэчлэх, LED дэлгэцээр тоноглох;
- Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх;
- Парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэх, шаардлагатай техник хэрэгслээр тоноглох ажлууд тус тус хийгдэж байна.
Төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү техник технологийн шинэчлэлтийн ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох мэргэжилтнүүд, БНСУ-ын КТНет компани болон манай улсын программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мизорн” ХХК-ийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж, төрийн холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. БНСУ-ын КТнет компанийг төслийн баримт бичигт заасны дагуу санхүүжүүлэгч тал болох БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОИКА/ сонгон шалгаруулсан байна. Харин төслийн хүрээнд Төрийн ордонд хийгдэх кабель, сувагчлалын ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газрын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн. Мөн байнгын хороодын хуралдааны танхимд картаар ажиллах санал хураалтын систем шинээр хийгдэж байгаа бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө хүлээлгэн өгнө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.