Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Нисдэг мэлхий бий юу?

Мэдээж бүх мэлхий нисэхгүй. Манай нуур, цөөрмийн мэлхийнүүдэд  нисэх шаардлага  ч байхгүй. Тэд бүхий л амьдралаа төрөлх гол цөөрөмдөө өнгөрөөнө. Харин тэдний алсын “хамаатнууд” болох Зүүн өмнөд Ази ба Мадагаскар арлын модны мэлхийнүүдэд бол огт өөр. Тэд агаарт “харайсан” анхны газар уснаа явагчид юм.
Нисдэг мэлхийг анх Альфред Уоллес олж илрүүлсэн гэх. Байгаль судлаач XIX зууны дунд үеэр Малайзаар аялан гайхалтай нээлтүүдийг хийсэн билээ. Тэрбээр “Хамгийн сонирхолтой,  ховор амьтныг би Борнео аралд харлаа. Тэр нь нэгэн хятад ажилчны авчирсан модны том мэлхий байсан юм. Тэрээр уг мэлхий өндөр модноос ниссэн гэж ярьж байлаа”. Мэлхийг анхааралтай ажиглахад Уоллес мэлхийн өмнө ба хойд хөлийн хуруунууд нь том сарьсаар холбогдсон байжээ. Мөчийн хуруунуудаа тэнийлгэхэд сарьс нь дэлгэгдэн биеийн хэмжээнээсээ том болж мэлхийг нисгэдэг “хэрэгсэл” нь болно. Мөн тэр мэлхий агаарын бөмбөлөг мэт өөрийгөө “хийлж” чаддаг аж. Бас хуруунууд нь мөчрөөр авирахад зориулагдсан соруултай байжээ.

Энэ мэлхий арав гаруй метрийн зайд нисч чадна. Ердөө л 20 см биетэй өчүүхэн амьтны хувьд бол хол зай  л даа. Нисдэг мэлхийнүүд халуун орны ойн амьтад бөгөөд сэлүүр хөлт мэлхийн аймагт багтдаг гэнэ. Эмэгчин мэлхийн өтгөн хөөлс болсон салст гаргаж, түрсээ шахдаг гэнэ. Эдгээр мэлхийн усанд амьдардаг зарим төрөл арьсаа сэлүүр болгон ашигладаг учир сэлүүр хөлт гэсэн нэртэй болжээ.

Эх сурвалж:
“Ардын эрх” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж