-Орон нутгийн харилцаа, тогтвортой хөгжил, бат бөх түншлэлийн илэрхийлэл бүхий томоохон бүтээн байгуулалт боллоо –
Өмнөговь аймгийн Ханбогд сум өнгөрсөн долоо хоногт түүхт 90 жилийнхээ ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр тус сумын төвд Рио Тинто компанийн нийгмийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд, мөн сумын иргэд, удирдлагуудын захиалга, санаачилгаар баригдсан “Галба” цэцэрлэгт хүрээлэнг нээлээ.
Сумын ойн баяр, тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн удирдлагууд, Рио Тинто компанийн төлөөлөл оролцсон юм.
Рио Тинто компанийн Зэсийн группийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Роб Аткинсон ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Ханбогд сумын айл өрх, гэр бүлүүдэд зориулсан, тав тух хангасан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бий болгоход хамтран зүтгэсэн, дэмжиж ажилласан ханбогдчууд та бүхэндээ баярлалаа. Жил ирэх тусам та бид улам нягт хамтын ажиллагаа бүхий түншлэл, тогтвортой хөгжлийг хамтдаа бий болгоно гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий “Өнөөдөр ханбогдчууд та бид 90 жилийнхээ ойн баярыг угтсан томоохон 90 бүтээлч ажлын нэг болох Галба цэцэрлэгт хүрээлэнгээ нээж хүүхэд, багачууд, зон олныхоо чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж чадлаа” гэсэн юм.
Цэцэрлэгт хүрээлэнг Ханбогд сумын түүхэн нэршлээр “Галба” хэмээн хүндэтгэн нэрлэжээ. Таван га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэн нь усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлэг бүхий олон нийтийн тав тухыг хангасан цогцолбор газар юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажлыг Монголын үндэсний компани гүйцэтгэжээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Рио Тинто компани эрүүл мэнд, боловсрол, бизнесийн хөгжил, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа 2200 хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсний нэг нь энэхүү “Галба” цэцэрлэгт хүрээлэн юм.