Н.Кан банкуудаа эрсдэлд оруулж, “TEPCO”-г аврахаар шийдлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Н.Кан банкуудаа эрсдэлд оруулж, “TEPCO”-г аврахаар шийдлээ

Японы эрх баригчид “TEPCO” компанид санхүүгийн тусламж үзүүлэхээ амлаж байна. Харин тэр мөнгө нь олон сая япончуудын нуруунд татварын дарамт болж очно гэх шүүмжлэлийг дагуулж эхэлжээ. Японы Засгийн газар “TEPCO”-д ойролцоогоор 2.5 их наяд иен буюу 31 тэрбум ам.долларын зээл өгөх аж. Энэ нь хувьцаа болон бонд эзэмшигчид, банкуудыг эрсдэлд оруулна гэдгийг ч шинжээчид нотолж байна. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчид түгшүүртэй байдалд орж эхэлсэн нь  хувьцаа, үнэт цаасны арилжаанд нөлөөлөх аюултай. 

“TEPCO” нь өнгөрсөн гу­равдугаар сард цунамид өртсөний улмаас дэлбэрэх аюултай болсон “Фукушима Дайчи” атомын ца­хилгаан станцын хариуцагч ком­пани юм. Хэдийгээр “Фукушима Дайчи”-ийн цөмийн реакторууд дэлбэрчихээгүй боловч их хэм­жээ­ний цацраг идэвхт бодис алдагдаж, түүнээс болж хохирсон иргэдийн нөхөн төлбөрт зориулж “TEPCO” компани маш их хөрөнгө гаргасан билээ. Гэхдээ учирсан хохирлыг арил­гахын тулд гаргах зардлын хэмжээ нь нэлээд олон оронтой тоогоор хэмжигдэж байгаа. Тиймээс хүнд байдалд орсон “TEPCO”-ийн төлөөлөгчид Засгийн газраасаа тус­ламж хүсчээ. Харин Японы пар­ламентын зарим гишүүний үзэж байгаагаар үүнээс болж төсвийн зардлаа их хэмжээгээр танах шаард­лагатай болох юм.

“TEPCO” компанид нэлээд хэм­жээний торгууль ноогдуулах нь дамжиггүй. Гэтэл энэ бүхний эцэст дахин хөл дээрээ босч, Засгийн газраасаа авсан зээлээ төлж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэтэл цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч реакторууддаа хяналт тавьж, бодлогоо шинэчлэх замаар олон  нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа Японы Засгийн газар ухамсарлаж байгаа энэ үед тус ком­панид туслахаас өөр аргагүй гэдгийг албаны төлөөлөгчид онцолж байна. Энэ тохиолдолд мэдээж хэрэг, иргэдэд учрах дарамтыг аль болох багасгахыг эрмэлзэж байгаа нь тодорхой гэдгийг ч хүлээн зөв­шөөрчээ.

Японы парламентын   төлөөлөг­чид энэ талаар хэлэлцэж байх үед “TEPCO”-ийн хувьцааны ханш 5.4 хувиар буурч, нэгж хувьцаа нь 453 иений үнэтэй болжээ. Түүнчлэн өчигдрөөс тус компанийн гаргасан үнэт цаасны хүү өссөн нь өрийн хэмжээ  нь нэмэгдэх гол нөхцөл бол­сон байна. Ямартай ч энэ бүхэн нь Хөрөнгийн зах зээлд нэлээд хал­гаатайгаас гадна хэрэв “TEPCO” зээлээ төлж чадахгүйд  хүрвэл Японы банкууд хүнд байдалд орох юм.

“Wall Street Journal”-д тэмдэг­лэснээр Японы Засгийн газар “TEPCO”-д санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон нь тус улсын цөмийн эрчим хүчний салбар хүнд байдалд орсон тул түүнээс гарах арга замыг эрэлхийлж байгаагийн илрэл аж. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёкио Эдано дээрх шийдвэрийг олон нийт дэмжихгүй гэдгийг хүлээн зөвшөөр­чээ. Банкууд зээлийн нөхцөлийг өөр­чилсөн шинэ улирлын хэлэл­цээ­рээ дахин байгуулахгүй тохиол­долд тусламжийн хөрөнгийг олон нийтийн сангаас гаргах нь дам­жиггүй юм. Энэ нь мэдээж, Японы иргэдэд таалагдахгүй. Хам­гийн сүүлийн мэдээгээр Японы хөрөнгө оруулалтын сангууд болох “Sumitomo Mitsui Financial Group”-ийн хувьцааны ханш 3.8 хувь, “Mitsubishi UFJ Financial Group”-ийнх 2.8 хувиар тус бүр буурчээ. Тэдний хувьд “TEPCO”-д зээл өгөх эсэх тухай ямар нэгэн мэдэгдэл  хийгээгүй байна. Японы “Окасан секуритис” хөрөнгө оруулалтын газ­рын шинжээч Хидейуки Ишигуро “Хэрэв “TEPCO” сэргэж чадахгүй бол банкууд бүх зүйлээ алдана. Гэхдээ Засгийн газар ийм шийдвэр гаргасан учир банкууд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэж дүгнэжээ.

Японы Засгийн газар болон “TEPCO”-ийн төлөөлөгчид нөхөн төлбөрийн талаар албан ёсны мэ­дэгдэл хараахан гаргаагүй байгаа. Гэхдээ “Bank of America”-ийн шин­жээч Меррилл Линч өөрийн судалгаагаа танилцуулсан бөгөөд тэрбээр нөхөн төлбөрт зориулж зарцуулах нийт мөнгөний хэмжээ 2.5-4 их наяд иен буюу 31-49 тэрбум ам.доллар хүрнэ гэж үзжээ. “TEPCO”-д зээл олгохын тулд эхний ээлжинд Японы Засгийн газар төлбөрийн чадвартай төрийн мэдлийн институт байгуулж, сангуудын хөрөнгийг түүгээр дамжуулан гаргах юм. “TEPCO”-ийн ерөнхийлөгч Масатак Шимизу хэлэхдээ энэхүү хямралын улмаас санхүүгийн зах зээл маш хүнд байдалд орсныг онцолжээ. Зээл олгох сангийн хувьд юун түрүүнд хөрөнгөө алдахгүй байх баталгаагаа олж авахын тулд тус компанийн цөмийн реакторуудыг барьцаалах юм. Яг аль реакторууд үүнд хамаарч байгаа нь одоохондоо тодорхойгүй байна. Японы Засгийн газар энэхүү сан­хүүгийн тусламж өгөхийг зөв­­шөөрсөн явдал нь “ТЕРСО” нө­хөн төлбөрийн хэмжээг эцэслэн гаргаагүйтэй холбоотой гэж зарим ажиглагч дүгнэжээ. Ямартай ч тус улсын эрх баригчид цөмийн эрчим хүчний салбартаа санаа зовниж буй нь энэ салбар дахь толгой компаниа хөл дээр нь босгохын тулд эрсдэлтэй шийдвэр гаргаснаар тод илэрч байна. Нөгөө талаас ард иргэдийнх нь нуруун дээр татварын дарамт болж очих энэ шийдвэр Наото Каны Засгийн газрын ирээдүйг улам бүдгэрүүлэх нь дамжиггүй юм.

Т.ЭЛИСА
Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж