Дугуй түгжих ажиллагаа ирэх долоо хоногоос хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Дугуй түгжих ажиллагаа ирэх долоо хоногоос хэрэгжинэ

Төв замын нэгдүгээр эгнээ болон зогсохыг хориглосон газарт зоссон автомашиныг  ачиж, журамлаж эхэлсэн билээ. Харин тун удахгүй  дугуй түгжигчийг хэрэглэх гэж буй. Энэхүү ажил хэзээ эхлэх гэж байгаа талаар  нннийслэлийн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Одбаяраас тодрууллаа.

-Хориглосон газарт зос­сон автомашинд дугуй түгжигчийг хэрэглэх гэж байгаа гэсэн. Энэхүү ажил хэзээнээс эхлэх вэ? 

-Өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдрийн НИТХ-ын 98 ду­гаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ын баталсан. Энэ дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, буруу зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж эхэлнэ. Дугуй түгжих үйл ажиллагааг энэ сарын 18-ны өдрөөс хэрэгжүүлэхээр болсон.

-Дугуй түгжих ажиллагааг яагаад хэрэгжүүлэх болов. Ажиллагаа хэрэгжээд эхэл­вэл машин ачих ажиллагаа давхар хийгдэх үү?

-Тээврийн хэрэгслийн түр зогсохыг хориглосон буюу тээврийн хэрэгслийн зогсох ёсгүй газар зогссон, бусдын хөдөлгөөнд саад учруулахаар автомашинаа тавьсан жолоочийн автомашиныг ачих үйлчилгээг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явуулж байсан. Харин  энэ хугацаанд иргэдээс төлбөр өндөр, журмын хашаа хол байна гэх зэрэг  санал гомдлууд ирсэн. Тиймээс иргэдийн санал гомдлыг  шийдэхээр дугуй түгжих ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Машин ачих үйл явц хэрэгждэгээрээ хэрэгжинэ. Замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их, бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр эгнээнд байршуулсан автомашиныг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойрхон зайд чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг нь түгжинэ.

-Дүрэм зөрчиж авто­машиныхаа дугуйг түгжүүл­сэн тохиолдол хэдэн төг­рөгийн торгууль ногдуулах вэ?

-Дугуйгаа түгжүүлсэн жолооч 20 мянган төгрөгийн хураамж төлнө. Хэрэв ажлын цагт багтаж машинаа авахгүй бол түр саатуулах тусгай хашаа руу зөөнө. Жолооч дугуйг түгжихээс өмнө ирвэл зөрчлийг гэрэл зургаар баримтжуулан гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлнэ. Харин зогсохыг хориглосон газар автомашинаа тавьсан тохиолдолд дугуйг нь түгжиж цонхон дээр холбогдох утасны дугааруудыг тавьж байхаар болсон. 

-Төв замаар зорчиход төлбөртэй болгох асуудал яригдаж байгаа. Энэ талаар иргэдээс ямар нэгэн санал гомдол ирж байгаа юу?

-Хотын төвөөр явах автомашинаас сард 40-50 мянган төгрөгийн хураамж авна гэсэн саналын дагуу НЗЦГ-т иргэдээс багагүй гомдол, санал ирж байна.  Зарим иргэдээс энэ саналыг зөв гэж байгаа. Гэхдээ энэхүү саналыг хэрэгжүүлэх нь зөв эсэх талаар иргэд өөр өөрсдийн санал бодлыг интернэт ертөнцөд илэрхийлэх, холбогдох газарт санал, гомдол хүргүүлэх зэргээр яригдаж л байгаа зүйл . Түүнээс биш үүнтэй холбоотой нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй.

-Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлд замын ачаалал нэлээд ихэсдэг. Үүнтэй холбогдуулан танай байгууллагаас ямар арга хэмжээ авах вэ?

-Ер нь жил бүрийн есдүгээр  сарын 1 болохоор  замын ачаалал  ихэсдэг. Өнгөрсөн жил тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оруулсан. Үүнийг иргэд нэлээд сайшаасан. Тэгэхээр энэ ажлыг энэ жил ч гэсэн  хэрэгжүүлэхээр  нийслэлийн Засаг даргад саналаа хүргүүлчихсэн байгаа. Мөн нийслэлийн иргэдээс давхар санал авахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж