Дэлхий муухай харна, энэ удаа л биш шүү

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Дэлхий муухай харна, энэ удаа л биш шүү

Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн урил­гаар хоёр хөршийн тө­рийн тэргүүнүүд манай улсад долоо хоногийн зайтай албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын тов ч хоёр гуравхан хоногийн өмнө тодорхой бол­сон бөгөөд БНХАУ-ын дар­га Си Зиньпин энэ сарын 23-нд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пу­тин есдүгээр сарын 3-нд айлч­лах тов гарсан билээ. ОХУ, БНХАУ, Монгол Улсын Зас­гийн газрын хамтарсан аж­лын хэсэг айлчлалын тухай яриг­­даж эхэлсэн зургадугаар са­раас хойш эрчимтэй бэлтгэж бай­гаа бөгөөд бэлтгэл ажил ерөн­хийдөө хангагджээ.

Төрийн өн­дөр­лөгүүд ч энэ асуудлаар өдөр бүхэн хуралдаж хамтын ажил­лагааны хүрээнд хийгдэх ха­рил­цан ойлголцлын санамж би­чиг, худалдаа, бизнес эдийн зас­гийн чиглэлийн маш олон гэ­рээ хэлцэл зурагдахаар болж байгаа. УИХ-ын гишүүд ч энэ хоёр том айлчлал хэр хэм­жээндээ бэлтгэж эхэлсэн. Бүл­гийн дарга нар гишүүдээ цуг­луулж хүндэтгэлийн чуулган хурал­дахаар Төрийн ордонд бэлт­гэл ажил хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр то­моохон айлчлал дэлхий нийтийн ан­хаарлыг татаж байгаа.

Мон­гол Улсын хувь заяанд ч то­дорхой хэмжээнд нөлөөлөх нь дамжиггүй. Мөнхийн хоёр хөр­шийнхөө итгэлийг алдаж, нэг хэсэг хугацаанд харилцаа маань хүйтэрсэн талаар суд­лаачид олонтай бичиж, шүүм­жилж байлаа. Харин энэхүү айлч­лал тэр хүйтэрсэн харилцааг эр­гэн хэвийн байдалд оруулж, цааш­дын олон хамтын ажил­лагааны эхлэл болно гэж улс төр судлаачид, улс төрийн хү­рээ­нийхэн үнэлж байгаа юм. Ха­рин энэ бүхнийг ойлгохгүй хэ­сэг бүлэг нөхдүүд ч тэр дунд олон бололтой. Начир дээрээ эх оронч царайлж цээжээ дэл­дэх ч цаанаа хорлон сүйтгэх ажил­лагаа явуулж байдаг хэсэг бүлэг гээд хэлчихэд ч буруудах юмгүй байна. Наашаа гэсэнд нь наалдаж, хэний ч өмнө юу ч ярьж мэдэх нөхдүүд бол парламентад суудалгүй улс төрийн намуудын зарим нэг төлөөллүүд.

Хатуу боловч үнэн үг. Сонгууль болгоны дараа аль нэг хүчтэй намын бөөрөнд наал­даж, хамтарсан гэрээ гэг­чийг байгуулна. Дараа нь өнөөх намаа муулж эсрэг талд очиж үйлчилж явах нь их. Ямар ч үзэл бодолгүй, өөрийн гэ­сэн төлөвшилгүй нам гэх нэр зүүсэн ганцхан даргатай нам ч тэр дунд хэтэрхий олон. Сонгууль болохоор үйл ажиллагаа нь идэвхжиж бу­сад үед “тал засах” журмаар ажил­лаж байгаа нь хэнд ч ил­хэн билээ. Тэд БНХАУ-ын дар­га Си Зиньпинийг ирэх үеэр жаг­саал зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад Засгийн газраа огцруулах хүсэлт хүргүүлсэн ч хүлээж авахгүй байгаа учраас ийм шийдвэр гаргахаар бол­сон гэнэ. Тэд Засгийн газ­рыг огцруулах мэдэгдлээ ч өнөөд­рөөс өргөн барихаар болжээ.

Мөн хоёр хөршийн төрийн тэр­гүүний айлчлалын үеэр маш их хэмжээний мөнгө зээл­нэ гэсэн үндэслэлгүй ша­хам мэдээллийг тараажээ. Хууль бус үйлдэл хийж байдаг Ерөн­хий сайдтай энэ Засгийн газар гэ­рээ хэлцэл хийх эрхгүй гэж тэд үзсэн гэнэ. Гэхдээ энэ айлчлал дан ганц Н.Алтанхуяг гэх хүнд хамааралтай биш. Хоёр хөршийн харилцаагаа идэвх­­жүүлэх нь Дорж, Дулмаа, эд­гээр “жижиг” намуудын дар­га, гишүүдийн амьдралд ч хэрэгтэй. Улстөржих цаг би­дэнд хангалттай их бий.

Тэр­тэй тэргүй намрын чуулган эхэлж, улс төрийн амьдрал идэвх­жиж эхлэхэд хэн дуртай нь мэдэгдэл гаргаж, Засгийн га­зартай тэрсэлдэж, жагсч гүйх нь мэдээж. Харин энэ айлч­лалуудын үеэр лав биш. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэг­чээр энэ том айлчлалууд дунд мон­голын “жижигхэн” улс төр огт хэрэггүй юм. Эдгээр айлч­лалуудаар улстөржих ямар ч шалт­гаан байхгүй. Уул уур­хай, эдийн засаг, валютын ханш гэх бүтэн жил ярьсан улиг болсон асуудлаа ч давтах цаг ч биш. Эдгээр асуудлаа ший­дэх гарцаа нэг талаар олж бай­гаа хэрэг учраас айлчлалыг ан­хаа­ралтай ажиглах хэрэгтэй байна. Өмнөд хөрштэйгээ иж бү­рэн түнш­лэлийн хамтарсан тун­хаглалд га­рын үсэг зурснаар бид бүх та­лаар харилцан ашиг­тай хам­тарч ажиллах боломж бүр­дэнэ.

Наад зах нь уул уурхайн гол экспортын бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргах учиртай. Хятадын газар нутгаар дамжин далайд гарах асуудал яригдана гэх таамаг бий. 30 гаруй гэрээ хэлцэлд гарын үсэг зурж харилцан хамтын ажиллагааг хөгжүүлнэ үү гэхээс 30 тэр­бум төгрөг зээлүүлэх гэж Мон­голд айлчлах хэрэг байгаа ч юм уу. ОХУ-тай Стратегийн түнш­лэлийг хөгжүүлэх дунд ху­гацааны хөтөлбөрийг баталгаа­жуулж, хил гаалийн асуудлаа шийд­сэнээр монголчуудын өм­нө нэг биш давхар давхар том боломж үүд хаалгаа нээх юм. Энэ бүхнийг газар авах­гүй улстөржилтөөр баллах шаард­лага алга. Харин үүнийхээ оронд бодит ажил хэрэг болох асууд­лыг бүгдээрээ хэлэлцэж пар­ламентад суудалтай на­мууд­тайгаа зөвшилцөж гарц эрэл­хийлэх нь илүү оновчтой бай­маар.

Парламентад суудалгүй намуу­дын дунд маш олон мэдлэгтэй боловсон хүчин бий. Магадгүй төрийн өндөрлөгт сууж байгаа эрхмүүдээс ч илүү сэтгэх “школ”-той олон хүн байгаа. Тэд өөрсдийнхөө гарц, санал бодлоо хуваалцаж, хоёр хөршийн харилцааг ямар байдлаар урагш ахиулах талаар санал бодлоо би­чиж, тэр талаар мэ­дэг­дэл гаргаж, хүлээж авах­гүй бол жагсаал зохион бай­гуул­вал харин илүү үр дүн­тэй байх учиртай. Гэтэл хоёр хөршөөс мөнгө авах гэж байна. Н.Алтанхуяг ганцаараа идэх нь гэсэн хий хоосон улс­төржилтөөр ард түмнийг төө­рөгдүүлж, нийгмийг буруу зүйлд турхирах нь зүйд нийцэх­гүй билээ. Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий заасан хэм­жээнд хүрчихсэн. УИХ Өрийн тухай хуулиа өөрчилж хэм­жээг нь нэмэгдүүлэхгүй л бол гаднаас нэмж өр зээл тавих ямар ч боломжгүй.

Гаднаас мөн­гө нууцаар авах ч боломж байх­гүй. Дэлхийд хүлээн зөв­шөөрөгдсөн эдгээр лидерүүд ийм ичгэвтэртэй үйлдэл хийж, зү­гээр харж суугаад 30 тэрбум төг­рөг манай улсад зээлнэ гэ­дэг юу л бол. Тэнд гэрээ хэлцэл, хамтын ажиллагаа яригдана гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа атлаа Си Зиньпин 30 тэр­бум төгрөг зээлж, ард тү­мэн маань өрөнд баригдаж гүйцэх нь гэх худлаа сенсааци мэдээлэл тарааж байгаа асууд­лыг одоо цэгцлэх цаг нь болжээ. Ард түмэн гэх үг аль ч эрх мэдэлтнүүдийн амны зугаа, ганц хэлдэг үг нь. Гэсэн ч даргын сэнтий, УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүснийхээ дараа тэд бүгд л энэ үгээ мартаж орхидог гэмтэй.

Түүн шиг ард түмэн хэмээн дүр эсгэж, Засгийн газраар оролдож байгаа эдгээр намуудын дарга нар ч сонгууль дөхөөд хөдөлж байгаа хэрэг биш үү, хатуухан хэлэхэд. Засгийн газрыг унагах эрх мэдэл ч үнэндээ хүрэхгүй. Парламентад 26 суудал авчихсан Ардын нам хөдөлгөж барсан бил үү. УИХ-ыг тараах талаар мөрөөдөх ч хэрэггүй. Парламентад нэг ч суудал аваагүй эдгээр эрх­мүүдийн төлөө зөөлөн суу­дал, тансаг хэрэглээнээсээ тат­галзах тэнэгүүд лав л энэ 76 биш. Тэгэхээр жагсана, огц­руулна гэж улстөржихөө урьтал бол­гох бус ойлголцож хамтарч ажил­лавал илүү үр дүнд хүрнэ.

Дэлхий биднийг харж байна. Одоо л хэн гэдгээ, ямар улс вэ гэдгээ харуулъя.

Б.БАЛЖИР

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж