Өнгөрсөн Баасан гарагт Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний хүрээлэнгийн хажуу дахь эмийн сангийн жор баригч “Фенобарбитал” нэртэй эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар өгсөн явдал болсон билээ. Үүний улмаас нийт 23 хүүхэд хордлого авсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл “Монос”-оос өөр эмийн сангаас мөн уг эмийг авч, хэрэглэсэн дахин нэг нярай хүүхэд хордсон байж болзошгүй тухай мэдээлэл гараад байна. Ер нь “Фенобарбитал”–ын тунг андуурч олгосон явдалд яг ямар алдаа гарсан талаар тодруулахаар бид эмийн тунг андуурч олгосон жор баригч н.Эрдэнэчимэгтэй холбогдсон юм. "Фенобарбитал" гэх энэхүү эм нь тайвшруулах, нойрсуулах, нярайн шарлалт арилгах үйлчилгээтэй бөгөөд манай оронд “Эмийн үйлдвэр” гэдэг компани 50 гаруй жилийн турш үйлдвэрлэж байгаа аж. Бүр нарийвчилсан түүх сөхвөл 102 жилийн өмнөөс Германы алдарт Байер пүүс үйлдвэрлэж буй юм байна.
“Эмийн үйлдвэр” компани зөвхөн том хүний тун бүхий савлагаатайгаар л “Фенобарбитал”-ыг үйлдвэрлэдэг байжээ. Харин хүүхдэд уг эмийг өгөх тохиолдолд том хүний тунгаар аваад 20 хувааж, хэрэглэдэг. Нярайн шарлалт, тархины даралттай хүүхдүүд олшрох болсонтой холбоотой эрэлт ихсэж буй тул “Эмийн үйлдвэр” компанийнхан хүүхдэд зориулсан тунтайгаар "Фенобарбитал"-ыг үйлдвэрлэж эхэлж. Буян л бодсон хэрэг. Харамсалтай нь зөвхөн тунгийн хэмжээг бичсэн жижиг тоогоороо л насанд хүрсэн хүний тунтайгаас ялгагдах савлагаа тул жор баригч Эрдэнэчимэг анхаарал болгоомжгүй хандан, нярай хүүхэддээ эм авахаар ирсэн эцэг, эхчүүдэд том хүний тунтай "Фенобарбитал" өгснөөр бүх хэрэг мандсан аж. Азаар “Монос” эмийн сангийн эрхлэгч түүний гаргасан алдааг мэдэж, эм авсан эцэг, эхчүүдтэй яаралтай холбогдож, эмнэлэг бараадуулснаар зохих эмчилгээг хүргэсэн байна. Жор баригч бүсгүй өөрийн анхаарал, болгоомжгүйгээс болж , адил савлагаатай ч тун нь өөр эмийг 20 орчим нярайд андуурч олгон, тэдний бие нь муудсанд маш их цочирдсон байдалтай байгаа бөгөөд нярайн эцэг, эхчүүдээс дахин дахин уучлал хүсэж буйгаа биднээр дамжуулан хүргэхийг хүсэж байлаа. Дашрамд дурьдахад Эрдэнэчимэг өөрөө хөл хүнд бөгөөд сэтгэл санааных нь байдал урагт нөлөөлөх вий хэмээн ар гэрийнхэн нь санаа зовж, цагдаад шалгагдаж буй түүнээс алхам ч холдохгүй байгаа аж. Нэг үхрийн эвэр доргиход мянга үхрийн эвэр доргино гэгчээр нэг хүний гаргасан ганцхан хайхрамжгүй үйлдэл ямар бэрх үр дагавар учруулж мэдэхийн нэг жишээ энэ үйл явдал боллоо. Иймээс хоёр өөр тунтай ч адил савалгаатай "Фенобарбитал"-ын будлианыг зохих байгууллагууд анхааралдаа авах цаг болжээ.
Б.МАНДУХАЙ