ТӨХ-ны Ц.Нанзаддоржийг АТГ-т өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

ТӨХ-ны Ц.Нанзаддоржийг АТГ-т өгчээ

Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан гараад удаж байгаа билээ. Маргааны нэг тал буюу Монгол банкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргалын гэр бүлийнхэн өөрсдийн эзэмшлийн 49 хувийг 2009 онд бусдад бэлэглэж байсан баримт байна. Энэ талаар “Инфрастракчер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батрагчаагаас тодрууллаа.

-Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг Д.Энхжаргал, Д.Энхтайван нарын гэр бүлийнхэн биш, өөр хүн эзэмшдэг болохыг яаж мэдсэн юм бэ?

-Тухайн үед Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж нь Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг эзэмшигч болохыг нотлосон баримтууд бидэнд байгаа. Тэрбээр төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа банкны хувьцааг бэлгэнд авсан байдаг нь яах аргагүй албан тушаал, авлигын асуудал юм.

 -Ямар баримтаар ингэж дүгнэж байна вэ?

-2009 оны долдугаар сарын 23-нд Д.Батхүү, Д.Энхтайван, Д.Энхтуяа нар нь Тээвэр хөгжлийн банкны 49 хувь буюу өөрсдийн эзэмшиж байсан 3 тэрбум 920 сая төгрөгийн үнэ бүхий 3920 ширхэг хувьцаагаа бэлэглэлийн гэрээ байгуулан ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддоржын 100 хувийн эзэмшлийн “Хамтдаа Чигээрээ” компанид бэлэглэсэн байна. Гэтэл “Хамтдаа чигээрээ” ХХК нь 2009 оны долдугаар сарын 23-ны өдөр байгуулагдаж улсын бүртгэлд нэг сая төгрөгний дүрмийн сантай гэж бүртгүүлсэн байдаг. Ингээд байгуулагдсан өдрөө л банкны 49 хувийг бэлгэнд авсан байна.

-Нэгэнт банкны хувиа бусдад бэлэглэсэн юм бол Д.Энхжаргал нарын гэр бүл одоо энэ банкинд ямар ч хамаагүй гэж ойлгож болох уу?

-Тэгэж ойлгож болно, 4 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх Тээвэр хөгжлийн банкны 49 хувийн хувьцаагаа бусдад бэлэглэчихсэн, 51 хувийн хувьцаа нь бусдад худалдагдсан байхад аль ч талаараа Д.Энхжаргал, Д.Энхтайван нарын хүмүүс банкыг төлөөлөх эсвэл банкны хувь эзэмшигч гэж өөрсдийгөө тодорхойлох хууль зүйн үндэс байхгүй.  Банкны 49 хувийн хувьцаа нь зөвхөн “Хамтдаа чигээрээ” ХХК буюу Ц.Нанзаддоржийн өмчлөлд  бэлэглэлийн гэрээгээр шилжсэн нь баримтаар тодорхой байдаг. Энэ нь зүгээр ч нэг энгийн үйлдэл биш юм. Учир нь Ц.Нанзаддорж нь Д.Энхжаргалын гэр бүлээс ийм бэлэгийг авах хэмжээний ах дүү, төрөл садан биш төдийгүй төрийн өмч хувьчлалыг бүхэлд нь гардан хувьчлах ажиллагааг 1996-2011 оны хооронд гардан гүйцэтгэж байсан төрийн өндөр албан тушаалтан. Ц.Нанзаддорж өмч хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан үед Д.Энхжаргал Монгол банкны хяналт шалгалтын газрын даргын албыг хашиж байсан.  Тэр үед Авто замын банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн нэрээр хууль бусаар уг банкны  үйл ажиллагааг хааж хэсэг хугацааны дараа Тээвэр хөгжлийн нэртэй банк шинээр мэндэлсэн нь энэ хоёр хүний албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хамтдаа чигээрээ ажиллах эхлэл байсан нь одоогийн “Хамтдаа Чигээрээ” ХХК болон түүнд шилжсэн банкны хувьцааны бэлэглийн баримтаас харагдаж байна. Иймд энэ асуудлын цаана төрийн өмч хөрөнгийг хувьдаа завшин Тээвэр хөгжлийн банкийг байгуулсан байж болзошгүй гэсэн хардлага ч гэсэн гарч ирж байна. Компаний нэрнээс нь хархад ч ер бусын сонин хачин нэртэй хэрнээ цаанаа яах аргагүй их хэмжээний өмч хөрөнгийн хууль бус хувьчлалтай холбоотой  сэжигтэй үйлдэлүүд байна гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.

-Яг ямар хардлага байгаа гэж та хэлэх гээд байна?

-Д.Энхжаргал нь Монгол банкинд өндөр алба хашиж байхдаа 1997 онд Тээвэр хөгжлийн банкийг хууль бусаар байгуулж, захирлаар нь өөрийн эцэг болох Данзанбалжирыг томилсон. Тэр үед ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын орлогч даргаар Ц.Нанзаддорж ажиллаж байсан. Мөн Д.Энхтайван нь их хурлын гишүүн байсан. Гэтэл Монгол банкинд 50 гаруй жил ажилласан н.Данзанбалжир гэдэг хүн тэтгэвэртээ гараад Тээвэр хөгжлийн банкийг байгуулсан гэж Д.Энхжаргал яриад байдаг. Насаараа төрд ажилласан хүн Банкны дүрмийн сангийн тэр их мөнгийг яаж бүрдүүлсэн байх вэ гэдэг асуулт гарч ирнэ дээ. Тэгэхээр энэ банкны дүрмийн санг анх ямар эх үүсвэрээр хэрхэн бүрдүүлсэн нь тодорхойгүй. Энэ бүхний зангилаа нь тухайн үед Авто замын банк гэж төрийн өмчийн банкий үйл ажиллагааг нь Д.Энхжаргал Монголбанкны хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байхдаа хэсэг хугацаанд зогсоож, улмаар татан буулгаж байсантай холбоотой. Төрийн өмчийн банкыг татан буулгаад энэ банкны суурин дээр Тээвэр хөгжлийн банкийг бий болгосон гэж яригддаг. Тэгэхээр Д.Энхжаргал, Ц.Нанзаддорж, Д.Энхтайван гэсэн гурвалсан холбоо гарч ирээд байгаа юм. Энэнээс улбаалаад надад хоёр төрлийн хардлага байна. Нэгд, Ц.Нанзаддорж ТӨХ-нд төрийн өмч хувьчлалыг хариуцаж байхдаа төрийн мөнгийг луйвардан Тээвэр хөгжлийн банкийг байгуулаад менежментийг нь Данзанбалжираар хийлгэж байж. Дараа нь өөрийнхөө өмчийг Данзанбалжирын хүүхдүүдээс бэлэглэлийн гэрээгээр буцааж авсан болж таарч байна. Хэрвээ тийм бол Д.Энхтайван нар анхнаасаа Тээвэр хөгжлийн банкны 49 хувь эзэмшигч биш харин ард нь Ц.Нанзаддорж гэж нууц ноёнтон байсан болж таарлаа. Хоёрт, Д.Энхжаргал, Д.Энхтайван нар Ц.Нанзаддоржид банкны 49 хувийг бэлэглэх хэмжээний маш том өртэй, энэ өрөндөө банкны 49 хувиа авилгал болгон түүнд өгсөн болж таарч байгаа юм. Эцсийн үр дүн нь бол банкны 49 хувийн далд эзэн бол яах аргагүй Ц.Нанзаддорж л болоод байна.

-Яагаад одоо Ц.Нанзаддорж албан ёсны хувь эзэмшигч биш гэдгээ өөрөө хэлэхгүй байсаар байгаа юм бэ?

-Ц.Нанзаддорж “Хамтдаа чигээрээ” ХХК-ийн албан бичигт гарын үсэг зуран Монголбанкинд банкны хувь эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2009 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн  байдаг. Монголбанкнаас Хариуд нь “Бэлэг хүлээн авагч “Хамтдаа чигээрээ” компани нь ганц гишүүнтэй, үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч Ц.Нанзаддорж нь Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан байна” гээд Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа гардан эрхлэхийг хориглох тухай тайлбарласан байдаг. Тиймээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхэд баримт бүрдэл хангаагүй гэж үзээд хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Гэхдээ шаардлагатай баримтыг бүрдүүлвэл хүсэлтийг дахин хангах боломжтой гэсэн хариуг өгчээ. Тэгэхээр Ц.Нанзаддорж төрийн алба хашдаг тул Д.Энхтайваныг алсаас удирдаж байхаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм.

-Энэ баримтуудаа АТГ-т өгч шалгуулж болдоггүй юм уу?

-Бид энэ асуудлаар АТГ-т хандсан байгаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж