Бөмбөгнөөс хорогдох байранд
Украины зүүн хязгаарын хүн амд хүмүүнлэгийн тусламж хүргэх авто машины цуваа Москва орчмоос замдаа гарчээ. Хүмүүнлэгийн тусламжийн цуваа нь 280 авто машинаас бүрэлдсэн ба хүнс, ус эм тариа зэрэг нийт 2000 тонн тусламжийг хүргэх юм.
Москва мужийн захиргааны мэдээлснээр, 400 тонн будаа, 100 тонн сахар, 62 тонн хүүхдийн хоол, 54 тонн эмнэлэгийн эм тариа ба төхөөрөмж, 12 мянган унтлагийн уут, 69 ш цахилгаан гаргах хөдөлгүүрүүд уг тусламжинд багтжээ.
Үүнээс өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин Еврокомиссийн дарга Жозе Баррозутай утсаар ярихдаа, Орос нь Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч нартай хамтран Украинд хүмүүнлэгийн тусламж илгээж буйгаа хэлсэн байна.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины удирдлагатай тусламжийн цувааны талаар тохиролцсоноо мэдээлжээ. “Одоо бидний хийж байгаа хүмүүнлэгийн арга хэмжээг барууны түншүүд хаахгүй гэдэгт би маш ихээр найдаж байна” хэмээн Лавров өгүүлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР