Даатгалын компани байгуулах иргэд олон байна

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Даатгалын компани байгуулах иргэд олон байна

Санхүүгийн зохицуулах хороо­ны Даатгалын газрын дарга С.Ган­болд­той даатгалын салбарын та­лаар ярилцлаа.

-Эрүүл мэндийн даатгалын та­лаар нэлээд шүүмжлэл гараад намж­лаа. Одоо даатгалын салбарт хэрэг­жүүлж буй ямар ажил байна вэ?

-Жолоочийн хариуцлагын даат­галын тухай хуулийг батлуулахаар ажиллаж байна. Өчигдөр хоёр намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Ер нь ихэнх оронд энэ хуулийг баталж, хэрэглэж байгаа.

-Жолоочийн хариуцлагын даат­галын ач холбогдол нь юу вэ?

-Өнгөрсөн оны байдлаар зам, тээврийн 7000 га­руй осол гарч 930 хүн бэртэж, 320 хүн нас барсан байгаа юм. Сүүлийн жилүүдэд тээв­рийн хэрэгсэл нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Үүнийг дагаад зам, тээврийн осол ч багасахгүй байна. Жо­лоочийн хариуцлагын даатгал гэдэг нь хариуцлагаа даатгуулна гэ­сэн үг. Хуульдаа гуравдагч этгээд гэж бичдэг л дээ. Жолооч биш, хэн нэгэн явган зорчигч, такси болон нийтийн тээвэрт үйлчлүүлж байгаа хүн, гудамж талбайн хажуугаар байрлах өмч хөрөнгийг гуравдагч этгээд гэж нэрлээд байгаа юм. Хүн өөрийгөө машин ирээд дайрчихна, эд хөрөнгөө мөргүүлж, эвдлүүлнэ гэж хэзээ ч боддоггүй шүү дээ. Гэтэл гай газар дороос гэгчээр машин гарч ирээд мөргөчих тохиолдол гарна. Харин энэ хүмүүсийн хохир­лыг барагдуулна гэдэг үргэлж хүнд­рэлтэй байдаг. Нэгэнт жолооч хүн тээврийн хэрэгсэл бариад гудамж, тал­байгаар зорчиж байна гэдэг чинь бусдын амь насанд аюул уч­руулж болзошгүй гэсэн үг. Тэр аюулыг багасгахын тулд төрөөс за­мын хөдөлгөөний аюулгүй байдал зэр­гээр зохицуулж байна. Гэлээ ч нэ­гэнт осол гаргасан тохиолдолд гурав­дагч этгээдийн хохирлыг бүрэн барагдуулж чаддаггүй. Барагдуулж чадахгүй шоронд ороод л гуравдагч этгээдээ хохиролтой нь үлдээдэг.

-Заавал даатгуулна гэсэн үг үү?

-Тийм. Нэгэнт л чи жолооч юм бол заавал хариуцлагатай байх ёстой. Чиний санаатай, санамсаргүй үйлд­лээс бол гуравдагч этгээд хо­хирч болзошгүй. Тийм хохирлыг бараг­дуулахын тулд чи даатгуулах ёстой. Ингээд жолооч нараас мөнгө татаж, сан бүрдүүлээд, эргэж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гуравдагч этгээдүүдэд олгох ёстой юм. Заавал даат­гуулах ёстой. Би хүн дайрдаггүй жолооч гээд даатгалын хураамжаас тат­галзаж болохгүй.

-Мөнгө хураах нь гээд жолооч нар дур­гүйцэх юм биш үү. Жилийн хураамж нь хэд байх бол?

-Жилд ойролцоогоор 30-50 мянган төгрөгийг нэг жолооч төлнө. Гэх­­дээ жолоочийн жолоо барьсан жил, хэрэг түвэг гаргаагүй байдал зэр­­гээс шалтгаалж энэ мөнгө харилцан адилгүй байх юм.

-Үүнийг мэдээж даатгалыг ком­паниудаар дамжуулж хэрэгжүүлэх байх. Ер нь манай улсын даатгалын компаниудын санхүүгийн чадамж нь ямар байгаа вэ?

-Даатгалын компаниудын хөрөнгө мөнгө нь нэмэгдэж байна. Даатгалын компаниудын нийт хөрөнгө, актив нь 57 тэрбум төгрөг давчихсан. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 60 тэр­бум давчихлаа. Хөрөнгө орлого нь нэ­мэгдэж, даатгалын салбарынхан ашиг­тай ажиллаж байна. Одоо даатгалын компани байгуулъя гэсэн хүсэлттэй ир­гэд олноороо ирж байгаа.

-Уул уурхай, барилгын салбарт даатгал хэр нэвтэрсэн бэ?

-Ер нь хэцүү шүү дээ. Энэ мэргэж­лийн хүмүүс аль болох даатгалд хам­рагдах хэрэгтэй. Уул уурхайн тоног төхөөрөмж, ажилчдын эрүүл мэнд гээд даатгах шаардлагтай зүйлс олон бий. Эмч нар л гэхэд мэргэжлийн алдаа гаргасан тохиол­долд өвчтөндөө нө­хөн төлбөр төлж чаддаггүй биз дээ. Сайн даа л ца­лингийнхаа 20 хувийг хасуулдаг. Барилгын инженер ажлын алдаа гаргаж байшин нурвал яах вэ. Тэр инженер цалингаараа хохирол барагдуулж чадахгүй биз дээ. Төлж чадахгүй юм чинь шоронд л сууна. Ингэлээ гээд хохирогч нь нурсан байшинтайгаа л үлдэнэ.

-Эрүүл мэндийн даатгалд сэт­гэл хангалуун байдаг хүн ховор байх. Та үүнтэй санал нийлэх үү?

-Эрүүл мэндийн даатгал бол бага зэрэг хавтгайрсан эд л дээ. Одоо ч эрүүл мэндийн даатгал болж өгөхгүй байна. Жишээ нь саяхан өвчтний түүх хуурамчаар үйл­дэх зэрэг алдаа гарлаа. Төрөөс ал­ба­дан даатгаж байгаа болохоор даат­галын сан нь ердөө л нэг том тогоо болчихсон. Тэгсэн хэрнээ ир­гэд нь эрүүл мэндийн үйлчилгээг хүр­тээмжтэй авч чадахгүй байгаа шүү дээ. Үүнд хэд хэдэн шалтгаан, сайжруулах шаардлага бий.

-Та ч, би ч эрүүл мэндийн даат­гал төлдөг. Харин та энэ салбарын хүн болохоор эрүүл мэндээ хувийн, арилжааны даатгалын компанид даатгуулсан уу?

-Даатгуулсан. Амьдралын даат­галын үйлчилгээ үзүүлдэг Монголд ганцхан байдаг компанид хандсан.

-Хадгаламжийн даатгалын та­лаар олон жил ярьж байна. Энэ зүйл байхгүйгээс болж төр банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргаж байгаа?

-Хадгаламжийн даатгал бол хөгж­сөн оронд тохиромжтой эд. Манайд үүнийг сайн нягталж, судалж байж нэвтрүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр бан­кин дахь мөнгөн хадгаламжид батал­гаа гаргах тухай хууль бол 100 хувь буруу зүйл. Төр яагаад банкуудын өмнөөс баталгаа гаргаад байгаа юм. Банк хүнээс мөнгө авч, эргэлдүүлье, ашиг олъё гэсэн бизнесийн байгуул­лага биз дээ. Төр яагаад хувийн банкируудын өмнөөс баталгаа гар­гадаг юм. Хадгаламж зээлийн хор­шоо дампуурахад төр мөнгө гар­гасан, ямаанд зориулж ноолуурын үнийн зө­рүү өгөхөд төр л мөнгө төлсөн шүү дээ. Тэр их мөнгө үнэндээ Эрээний бараа л болж хувирсан.

-Сүүлчийн асуулт. Нийгмийн даат­галийн үйлчилгээг хэрхэн сайж­руулах ёстой вэ?

-Ер нь арилжааны даатгал хөг­жиж, нийгмийн даатгалын алдааг за­сах ёстой. Дэмжлэг үзүүлэх шаард­лагатай. Төрийн нуруун дээр бай­гаа ачааг хөнгөрүүлэх замаар энэ сал­бараа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж