21 мянгыг зээлээр олгохоо больж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

21 мянгыг зээлээр олгохоо больж магадгүй

Иргэд өөрсдийн санаачилгаар ажлын байр бий болгох, хоршоо, жижиг, дунд үйлдвэр байгуулах юм бол “Хүний хөгжил” сангийн мөнгөө хөрөнгө оруулалтын зориулалтаар авч болох тухай УИХ-ын тогтоол бий. Мөн уг мөнгийг хэрхэн олгох тухай журмыг ч баталсан. Энэ журмын дагуу иргэд зээл авах бол хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10 саяас доошгүй байх ёстой. Ийм байдлаар олон хүний мөнгө бэлэн бусаар тодорхой хэмжээний үйлдвэрлэл, аж ахуйн хөрөнгө оруулалтад шингэвэл инфляцид нөлөөлөхгүй байх эерэг талтай юм. Гэтэл “Хүний хөгжил” сангийн мөнгөө ийм төрлийн зээлээр авахыг хүссэн иргэд тун цөөн байгаа тухай сонсогддог. Ерөнхийдөө зээл авсан хүн бараг байхгүйтэй адил юм билээ. Энэ мэдээлэл яагаад ийм бүрхэг байна вэ гэвэл ямар хугацаанд хэдэн хүн зээл авсан талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-ын мэргэжилтнүүд мэддэгүй. “Зээл олгох эсэхийг банкууд шийдэх учраас банкууд л мэднэ” гэсэн тайлбар өгдөг. Арилжааны банкууд нь “Байгууллагын нууц” гэсэн халхавчаар олгосон зээлийнхээ талаар мэдээлэл өгөхөөс цааргалдаг. Хэдийгээр иргэдэд олгосон зээлийн мэдээлэл ноцтой асуудал биш боловч зарчмын хувьд ингэхээс ч аргагүй. Өчигдөр энэ байдал давтагдав. ХХҮГ-ын Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Ганчимэгээс “Хүний хөгжил” сангийн мөнгөө зээлээр авсан иргэдийн талаар мэдээлэл авах гэсэн боловч мөн л “Мэдэхгүй” гэсэн хариулт өглөө.Уг нь Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний хэлбэр ямар байвал үр дүнтэй, эсвэл хүндрэл чирэгдэлтэй байгааг холбогдох албаныхан “ба бэ”-гүй мэдэж байх учиртай. Тэгж гэмээнэ ажлынх нь чанар сайжирна гэдэг хэнд ч ойлгомжтой. Төрийн ажлын уялдаа холбоо нэг иймэрхүү байна. Гэхдээ дээрх зээл нэг л явцгүй байгааг хаана, хаанаа хүлээн зөвшөөрч байгаа бололтой. ХХҮГ-ынхан өнгөрсөн хугацаанд хэдэн хүн “Хүний хөгжил” сангийн мөнгөө зээл хэлбэрээр авсныг мэдэхгүй байгаа ч “Энэ төрлийн зээлийг болиулах тухай яригдаж байгаа. Монголбанкнаас тийм чиглэл өгсөн” гэсэн тодорхойгүй мэдээлэл өгсөн юм. Ямар учиртай шийдвэр болохыг лавлахад “Дөнгөж өнөөдөр /өчигдөр/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамаар дамжиж манайд ирсэн бичиг болохоор дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй. Манай байгууллагын удирдлага энэ талаар яг одоо хэлэлцэх гэж байна” хэмээлээ. Харин Монголбанкныхан энэ талаар ямар ч мэдээлэлгүй байв.

Уг нь энэ төрлийн зээлийг олгох тохиолдолд иргэд аж ахуй эрхлэх туршлагагүй байвал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу сургалтад хамруулах тухай ярьж байсан. Харамсалтай нь энэ ажил бас л олигтой урагшилсангүй. Болзлын хувьд 10 саяын зээл авахад тийм ч хатуу шаардлага тавиагүй. Иргэд ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авах санаачилга гаргасан бол хамтран ажиллах гэрээ байгуулах ёстой. Хэрэв шинээр хоршоо, нөхөрлөл, жижиг, дунд үйлдвэр байгуулсан бол энэ тухай албан ёсны шийдвэрээ гаргасан байх учиртай юм. Харин материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн зориулалт бүхий эд зүйлсийг худалдан авах бол худалдагч талын нэхэмжлэлийн дагуу төлбөрийг бэлэн бусаар шилжүүлэхээр зохицуулсан. Гэтэл иргэд ийм санаачилга гаргаж, зээл авснаас сар бүр 21 мянган төгрөгөө авсан нь дээр гэж үзсэн бололтой. Харин зөвхөн хувь хүнд 21 мянган төгрөгийг нь зээлээр олгоно гэвэл тун дуртай хүлээж авах хандлага бий. Гэвч “Хүний хөгжил” сангийн мөнгийг иргэдэд олгох эрх бүхий гурван банк энэ тал дээр нэлээд болгоомжтой хандсаар ирсэн. Иргэдийн хувьд ч 21 мянгаа зээ¬л болон бусад хэлбэрээр авах боломжийг тэр бүр эдлэхгүй байгаа юм. Тухайлбал, “Хүний хөгжил” сангийн тухай хуульд “Эх орны хишиг, хувийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдан авсны төлбөр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр хэлбэрээр олгож болно” гэж заасан байдаг. Мөн 21 мянган төгрөгөө бөөнөөр биш, сар сард нь тэтгэврийн болон бусад зээлийн өрөө дарах зориулалтаар шилжүүлж болно гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, иргэд цалингийн болон тэтгэврийн зээл аваад 21 мянган төгрөгөөрөө өрөө дарж болно гэсэн үг. Гэвч мөн л иргэд 21 мянган төгрөгөө бэлнээр авахыг илүүд үзсэн хэвээр. Өнөөдөр банкны үүдэнд ямар хэмжээний дараалал үүсч байгаа нь үүний илрэл юм.

Ямартай ч эх орны хишиг, хувийг ажлын байр нэмэгдүүлэх, инфляцийг бууруулах зорилгоор зээл хэлбэрээр олгох ажил бүтэхгүй тийшээ хандаж байгаа бололтой. Одоохондоо холбогдох албаныхан шалтгааныг нь тайлбарлаж чадахгүй байгаа ч удахгүй тодорхой болох биз ээ.

Ч.ДАШДЭЛЭГ
Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж