Сүмочид нутагтаа амарлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Сүмочид нутагтаа амарлаа

Мэргэжлийн сүмогийн зуны тойргийн барилдаан энэ сарын 10-нд Ямагата мужид эхэллээ. Харин Монголын сүмочдын хувьд өнгөрсөн өдрүүдэд нутагтаа амарлаа. Долдугаар сарын 27-нд өндөрлөсөн Нагоя башёгийн маргаашаас монгол сүмочид эх орондоо амрахаар ирсэн.

Эзэн хааны цомыг 30 дахь удаагаа хүртэж, сүмогийн түүхэн амжилтад ойртоод байгаа их аварга Хакүхо М.Даваажаргал наймдугаар сарын 4-нд Гачуурт дахь "Бадамлянхуа" асрамжийн төвд зочилсон. Монголд ирэх бүртээ хүмүүнлэг, сайн үйлсийн ажилд оролцож, хүүхэд багачуудад тусалдаг их аварга энэ удаа "Бадамлянхуа" төвийн хүүхдүүдийг онцолж, гарын бэлэг гардуулан, хандив өргөжээ. Японы телевизийн нэвтрүүлгээр тус төвийн талаар сонссон их аварга ийнхүү хүүхдүүдтэй уулзаж, захисан зүйлсийг нь гардуулаад хичээл, сурлагийн өндөр амжилт хүсэн ерөөж, хашаандаа сүмогийн талбай байгуулах зөвлөгөө өгсөн юм. 

Сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж, 71 дэх ёкозуна Какурюү М.Ананд нар "Скай ресорт” дахь гольфийн талбайд гольф тоглож, чамгүй авьяастай гэдгээ харуулаад авсан.

Сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд Сүхбаатар аймгийг зорьж, амрахдаа аавынхаа нутаг тус аймгийн Асгат сумаар орж, Алтан-Овоо, Шилийн Богд, Талын агуйг үзэж аяласан.

Токитэнкү А.Хүчитбаатар төрөлх нутаг Төв аймгийн Алтанбулаг сумын наадамд зочилж, нутгийн буурлуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан. Мөн өнгөрсөн тэмцээнд жюүрёод аваргын төлөө барилдсан Ичиножёо А.Ичинноров Архангай аймагт амарсан бол Таканоива А.Баасандоржийг эх оронд амраад байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасан билээ.  

Ийнхүү монгол сүмочид нутагтаа ирж, амарлаа. Мэргэжлийн сүмогийн зуны тойргийн барилдаан энэ сарын 10-нд Ямагата мужид эхэлсэн бөгөөд сүмочдын хувьд завгүй өдрүүд эхэллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж