Я.Батсуурь: Чалькогийн өр нүүрсний үнэд нөлөөлсөн

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Я.Батсуурь: Чалькогийн өр нүүрсний үнэд нөлөөлсөн

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, нүүрсний экспортын үнээс шалтгаалж, Монголд  ханш хүчтэй савлах болсон. Өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1889 төгрөгтэй тэнцэж, үүнийг холбогдох албаны хүмүүс ч дээрх асуудлаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа. Өнгөрсөн  өвлөөс эхлэн нүүрсний салбар сайнгүй, зарим компаниуд  экспортын тэг зогсолт хийгээд байна. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог, Монголын хамгийн том ордыг эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” өрнөөсөө салаагүй байгаа нь төсвийн алдагдалд тодорхой хэмжээгээр нөлөөлөх болсон.   

С.Батболдын Засгийн газрын үед  Тавантолгойн зүүн Цанхийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид барьцаалж, 350 сая ам.долларын зээлэн түүнийгээ “Эх орны хишиг” нэрээр тараагаад дууссан. Тэрхүү өр гурван он дамжиж байгаа бөгөөд энэ онд ч төлж дийлэхээргүй байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриас цөөн асуултад хариулт авлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн Хятадын төрийн өмчит “Чалко”-д төлөх өр хэдий хэмжээний үлдсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар 110 сая ам.доллар үлдээд байна. Бид энэ оны эцсээр төлөхөөр тооцоолж байна. Харамсалтай нь, байдал сайнгүй л байна. Өдөр, шөнөгүй нүүрсээ зөөгөөд ч өрөө дарж чадахгүй байгаа. Энэ нь манай компанийн борлуулалт, орлогод сөргөөр нөлөөлж байна.

-Уг нь энэ оны тавдугаар сар гэхэд өрөө төлчихнө гэж та ярьж байсан шүү дээ. Юунаас болоод өр төлөх хугацаа хойшлогдоод байна вэ?

– Хятадын зах зээлд нүүрсний үнэ улам унасаар байна.   Бид өнгөрсөн жил “Чалко”-той нүүрсний үнийг тогтвортой байлгах талаар нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээ өнгөрсөн хоёрдугаар сард дууссан. Ахиад зургаан сараар сунгуулаад хугацаа нь дуусч байна. Үндсэн гэрээгээр нүүрсээ заръяа гэвэл маг хямдхан өгөхөөс өөр аргагүйд хүрчихээд байгаа.   Ямар ч байсан их хэмжээгээр нүүрсээ гаргаж байгаад өрөө хурдхан дуусгаж авъя гэсэн бодолтой байна. Тэгэхгүй бол хувийн компаниудад ч сөргөөр нөлөөлөөд байна шүү дээ.

– Танайх “Чалко”-д нүүрсээ яг хэдээр зарж байна?

-Үндсэн гэрээгээр заръя гэвэл маш бага үнээр зарахаар болж байна. 

-“Чалко”-гоос зээл авснаас болоод 130 доллараар зарагддаг байсан нүүрс 35 болтлоо буурсан гэсэн үнэн үү?

-Үнэн. Өнөөдөр Монголын компаниуд нүүрсээ 35  доллараар зарж байгаа.  “Чалко”-гийн өр манай нүүрсний  үнэд маш их нөлөөлсөн.  Тиймээс энэ өрийг бушуухан л дармаар байна.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж