“Дизель түлшний борлуулалт жигдэрнэ” гэлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

“Дизель түлшний борлуулалт жигдэрнэ” гэлээ

Монгол Улсад энэ сар гараад дизель түлшний хомсдол үүссэн нь түлш, эрчим хүчний салбарынхныг багагүй сандаргаад авав. Манай улсын шатахууны хэрэглээг дангаараа хангадаг “Роснефть” компани тавдугаар сард гэрээнд заасны дагуу 84 мянган тонн дизель түлш нийлүүлэх ёстой байснаа 34 мянга болгож багасгасан юм. Тус компаниас дээрх хариуг ирүүлс­ний дараа Монголын шатахуун импортлогч компаниуд 40 литр дизель түлш хүссэн хүнд 20 литрийг цохож, 10-ыг өгөх нь холгүй юм болсон. Түүнчлэн хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын  үйл ажиллагаа ч доголдоход хүрсэн юм. Нийслэл төдийгүй орон нутагт шатахуун түгээх станцууд дизель түлшийг зөвхөн гэрээтэй компаниуддаа л өгч байгаа гэсэн хариултыг өгч байлаа.

Дизель түлшний хомсдол үүссэн­тэй холбоотойгоор Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг ОХУ-д ажиллад ирсэн билээ. Ажлын хэсэг гол үүрэг нь нефтийн бүтээгдэхүүнийг нэмэлт захиалгаар авч, Монголд үүссэн хомсдыг арилгах байв.  Тэд  зорьсондоо хүрч “Роснефть” компанитай хэлэлцээр хийсний эцэст нэмж 10 мянган тонн дизель түлш авахаар болсон юм. Ингэснээр энэ сарын дизель түлшний хэрэгцээг бүрэн хангаж чадах аж. Гэсэн ч  нэмэлт захиалгаар авах түлшийг нийлүүлж эхэлсэн энэ үед нийслэлд төдийгүй орон нутагт дизель түлшний хомсдол арилаагүй байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд өчигдөр дизель түлшийг гэрээтэй компаниуддаа талоноор олгосон хэвээр байлаа. Баянзүрх дүүргийн арвангуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Жаст ойл” шатахуун түгээх станцын ажилтан “Дизель түлш хомс хэвээр байна” гэсэн хариултыг өгсөн юм. Тэрбээр хэзээнээс дизель түлшийг хэвийн борлуулж эхлэх талаар тодорхой мэдээлэлгүй байлаа. “Шунхлай” группийн дэд захирал Ү.Энхцэцэг “ОХУ-аас нэмэлтээр орж ирж байгаа түлшийг авах захиалгаа компаниуд өгч байгаа. Манай компанийн хувьд одоо нөөцөд байгаа түлшээ харилцагч нартаа боломжоороо нийлүүлж байна” гэсэн юм. “Петровис” компанийн хувьд ч байдал иймэрхүү байгаа аж. Тус компанийнхан “Энэ сарын сүүлч гэхэд байдал хэвийн болох байх. Дизель түлш авах захиалгаа өгсөн. Одоогийн байдлаар авсан юм огт алга” гэлээ. Орон нутагт ч дизель түлш хомсдсон хэвээр байгаа юм байна.

Нэмэлт захиалгаар орж ирэх дизель түлшийг хэзээнээс худалдаанд гаргах талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын мэргэжилтэн Л.Раднаасүрэнгээс тодрууллаа.  

-“Роснефть” компани энэ сард 10 мянган тонн дизель түлш нэмж нийлүүлэхээр болсон. Хэзээ борлуулалтад гаргах юм бэ. Шатахуун түгээх станцууд одоог хүртэл дизель түлшийг гэрээтэй газрууддаа талоноор өгч байна?

-Тун удахгүй дизель түлшний хомсдол арилна. ОХУ-аас эхний ээлжийн дизель түлш ирсэн. Нааш нь тээвэрлэхэд хоёр хоногийн хугацаа зарцуулдаг юм.

-Одоо яг хэдэн тонн түлш ирээд байна вэ. Шатахуун импортолдог компаниудад эхнээс нь хуваарилж байгаа биз дээ?

-Одоогийн байдлаар нийт 106 вагон дизель түлш ирээд байна. Өнөөдөр 49, өчигдөр 57 вагон түлш ирсэн. Нэг вагонд 60 тонн түлш ирдэг гэхээр нийт 6000 гаруй тонн дизель түлш нийлүүлсэн байна. Түлшийг компаниудад хуваарилж байгаа. Тиймээс нөгөөдрөөс (маргаашаас) эхлээд дизель түлшийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ.

-Ирэх сард шатахууныг хэвийн олгох уу. Дахиад хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол байна?

-Энэ долоо хоногоос эхлэн дизель түлшний борлуулалт ерөнхийдөө жигдэрнэ. “Роснефть” ирэх сард гэрээнд заасан хэмжээгээр шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дахин хомсдол үүсэхгүй гэж ойлгож болно. Шаардлагатай арга хэмжээг ч авсан.

Т.УРАНГЭРЭЛ

Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж