Хойд солонгос, Ираны нөхөрлөл АНУ-ыг айлгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Хойд солонгос, Ираны нөхөрлөл АНУ-ыг айлгаж байна

Их гүрнүүд өөрийн гэсэн давуу талтай. Харин тэднийг ганц л зүйл айлгана. Энэ нь мэдээж цөмийн зэвсэг.  Дэлхийд  анх 1932 онд Жеймс Чадвик неотронийг эрчим хүчтэй холбон нэгэн нээлт хийсэн нь хожим цөмийн эрчим хүчийг гаргаж авах үндэс суурийг тавьсан гэдэг. Хожим АНУ, Японы Хирошима, Нагасакиг бөмбөгдсөнөөр хүн төрөлхтнийг айдаст автуулсан юм. Харин өнөөдөр дэлхий дээр ОХУ, АНУ, Франц, Пакистан, Энэтхэг, Хятад, Их Британи зэрэг орон цөмийн зэвсэгтэй нь тодорхой болсон. Харин Иран, Израйль улс боломжит орнуудаар тодроод  байгаа.  Мөн Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй гэдэг нь дэлхий нийтэд илчлэгдсэн гэхэд болно. Гэтэл тус улс энэ сарын 9-нд ОХУ-ын ялалтын парадын үед цөмийн зэвсэг эсэргүүцэгч  шинэ технологи гаргаж авсан гэдгээ зарласнаар дэлхий нийтийг алмайруулсан.

Харин цөмийн эрчим хүч ашигладаг орнуудад Япон, Канад, Герман, Украйн, Швед, Өмнөд Солонгос, Испани зэрэг орон багтдаг. Харамсалтай нь Украйны Чернобылд 1986 онд осол гарч, энэ онд Японы Фукушимад  цөмын байгууламжууд дэлбэрсэн  билээ.

Олон улсын агентлагууд Хойд Солонгос Хятадаар дамжуулан Ирантай цөмийн технологийн со­лилцоо хийх талаар мэдээлсээр байна. Мэдээж энэ хоёр орон дутуу, зөрүү зүйлсээ солилцож нэг алхам ахих нь тодорхой. Технологийн хамтарсан ажиллагаа гэдэг нь  зарим зэвсгээ туршиж үзэх магадлалтай  хэмээн эх сурвалжууд таамаглаж байгаа юм. Жишээ нь, агаараас харвах баллистик пуужин солилцох гэж байна. Энэ пуужинг  химийн  хорт хий ашиглан хөөргөдөг гэж   “Википедиа”  сайтад тайлбарласан байдаг. “Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар Хойд Солонгос, Иран улс зэвсгийн технологийн солилцоогоо заавал гуравдагч ор­ноор дамжин хийх учиртай. Харин тэрхүү гуравдагч орон гь ямар улс байх вэ.   Одоо таамаглаж байгаагаар БНХАУ л байх болов уу. Энэ талаар Хятад ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй ч “Зуучлалын үүрэг гүйцэтгэнэ” хэмээн хардаж байна. 

НҮБ Хойд Солонгост 2006, 2009 онд цөмийн эрчим хүч болон зэвсгийн талаар шаардлага тавьж байсан билээ. Шаардлага ёсоор бол Хойд Солонгост бусад орны зүгээс  цөмийн  зэвсгийн технологи худалдаалах болон солилцохыг хатуу хориглосон. Гэвч  өнгөрсөн оны есдүгээр сарын дундуур Хойд Солонгос уран баяжуулан зэвсгийн туршилт хийж дэлхийн анхаарлыг татаж байсан билээ.  Энэ “зүггүйтэл”-ээсээ болж АНУ ба Өмнөд Солонгосоос жил болгон 4000 тонн цагаан будаа авч чадахаа больсон. Энэ бол хүнсний хориг арга хэмжээ байлаа.  Харин өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгос  Зимбабве улсаас хоол хүнсний тусламж гуйсан юм. Дараа нь “Ким Чен Ирийн  залгамжлагч  Ким Чен Ун Хятадад айлчлах үедээ хоол хүнсний тусламж гуйх байх” гэсэн таамаглал байсан боловч энэ талаар ганц ч үг  дуугараагүй билээ.  Их гүрнүүдийн тооцоолж байснаар өлсгөлөнд нэрвэгдсэн гэгдэх Хойд  Солонгос гэнэт л  Ирантай цөмийн зэвсэг, технологийн туршлага  со­лилцох гэж байгаа нь өрнөдийн орнуудыг  хөдөлгөөнд орууллаа.

АНУ болон холбоотон орнууд анхаарлаа хандуулж байгаа ч хараахан мэдэгдэл хийгээгүй бай­гаа. Гэвч тэд үнэхээр сандарч байна. Тухайлбал, CNN-ийн зу­раг­лаач АНУ-ын сенатор Жон Лэвэлин Кил өрөөндөө утсаар ярьж байхыг нь нууцаар бичжээ. Тэрбээр “Хойд Солонгос дахиад л яршиг удаж эхэллээ.  Одоо бас Ирантай юу хийх гээд байна вэ” хэмээн бачимдаж байхыг нь нэвтрүүлжээ.  Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч “Бидний анхааруулсан зүйл бол ирээдүйн Хойд Солонгост л сөргөөр нөлөөлнө. Бид  та бүхний аюулгүй байдалд санаа тавьж байна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэжээ. Энэ мэтээс үзвэл энэ удаагийн зэвсэг техникийн туршлага солилцоо амаргүй даваа байх бололтой. Үүнд Хятад оролцох эсэхээс олон зүйл хамаарах нь дамжиггүй. 

АНУ-ын зарим ажиглагч “Зэвсгийг Хятадын хуурай замаар болон “AIR CHINA” агаарын замаар тээвэрлэх нь тодорхой” гэсэн атлаа “Хятадын тал энэ асуудал дээр хараахан  гарын үсэг зураагүй байгаа” гэж бөөрөнхийлөхөө бас мартсангүй.  Мэдээж АНУ Хойд Солонгосоос болж Хятадтай харилцаагаа муут­гахгүйг эрмэлзэж таарна. Иран, Хойд Солонгос, ОХУ, Хятад, Куба, Венесуэль, Ливи  нэг талд,  харин эсрэг талд нь АНУ болон Их Британи, Франц, Канад зэрэг орон хоорондоо ил далд хэмлэлдэж байдаг нь нууц биш. Гэвч тэд өнгөн дээрээ байнга хуурмаг инээмсэглэлээр бүхнийг нууж сурсан билээ. Цөмийн зэвсэг гэдэг агуу хүчин зүйл энэ дэлхий дээр байхад ямар ч орон бусад орноос айх зүйлгүй мэт.  Гэхдээ  энэ их хүчийг  дайны зорилгоор ашиглавал энэ  нь дэлхий нийтийн төгсгөл болно гэдгийг хаана хаанаа ойлгодог л байлгүй. Одоогоор Хойд Солонгос болон Ираны харилцааг шүүмжлэх эрх бидэнд байна. Харин ямар нэгэн алхам хийх эрх нь тэдэнд бас байгааг мартаж боломгүй. 

Б.БААТАР
Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж