Сайн бүхний эхлэл – UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот телевизийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байна.
“Улс төрд шинэ манлайлагч”төслийн багийнхан эх орны дөрвөн зүгт ажиллаж шинэ үеийн манлайлагч залуустай уулзаж тэдний ажил амьдрал, санаа бодлыг сонсож яваа.
Энэ удаад улс төрд шинэ манлайлагч төслийн хойд зүгийн аймаг, сумдад ажиллаж байгаа сурвалжлах хэсгийхний ажлын мэдээллийг хүргэж байна.
Засгийн газрын “Монгол залуу хүн хөтөлбөр”-ийн хүрээнд Дархан-Уул аймаг энэ жилийг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон, энэ асуудалд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлжээ. Сүүлийн 10 жил тасалдаад байсан энэ зөвлөгөөнийг “Шинэ амьдрал Монголын хөгжил” ТББ-аас санаачлан, аймгийн Засаг дарга дэмжсэн байна. Дархан-Уул аймгийн Орхон, Дархан, Хонгор, Шарын гол сумын залуучуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэмт хэрэгт холбогдсон ч хорихоос бусад төрлийн шийтгэл хүлээсэн залуучууд, багийн нийгмийн ажилтнууд, оюутнууд болон аймгийн бүх хэлтсүүдээс төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийн танилцуулгыг бид хийлээ. Төслийн бүртгэл, нэгдүгээр шатны шалгаруулалт явагдаж байгаа энэ цаг хугацаанд сурвалжлах хэсгийн эхний томилолт ийнхүү орон нутагт ажиллаж байгаа нь төслийн талаар багахан мэдээлэлтэй байсан оролцох хүсэлтэй залуучуудад сайхан боломж олголоо” гэж хэлсэн юм.
Дархан хотын залуус хэдэн үе шаттай явагдах, хэрхэн бүртгүүлэх, эргэцүүлэлдээ ямар өнцгөөс хандах, шилдэг 90, шилдэг 30-д үлдсэнээр ямар даалгавар гүйцэтгэж, ямар ур чадвар, мэдлэг мэдээлэл олох дасгалжуулалт, хичээл сургалтад хамрагдах вэ гэсэн олон асуултыг тавьж байлаа.
Мөн орон нутагт төслийн маань тухай мэдээллийг хэдийнээ авч, зарим нь бүртгүүлж, бүтээлээ илгээсэн, зарим нь ажил үүргээ зохицуулчихаад оролцоно гэдгээ илэрхийллээ. Төслийн үргэлжлэх хугацаа нэг жил. Шидэг 90 оролцогчийн нэгээр сонгогдлоо гэхэд шилдгийн шилдэг оролцогч, шинэ манлайлагчаар тодрох хүртэл 9 сарын хугацааг өөрийн цаг заваасаа зарцуулах юм. Энэ хугацаан дээр нэлээд бодож ажлаа төлөвлөж буйгаа хэлж байна.
Энэ удаад төслийн баг Дархан-Уул аймгийн төлөөлөл болсон 100 гаруй залуутай бид уулзлаа.
Шинэ санаа залуусын оролцоо уриатай “Улс төрд шинэ манлайлагч” төслийн сурвалжлах баг “Нутгийн хөгжилд залуусын оролцоо” уриатай энэхүү зөвлөгөөнөөс тэдний хүсэл мөрөөдөл, хандлага, асуудлыг шийдэж болох гарц шийдлийг хэрхэн гаргаж байна талаар олон шинэ санаатай, үзэгчиддээ хүргэх сонирхолтой мэдээлэл дүүрэн дараагийн аймаг руу хөдөллөө.
Бидний дараагийн очих газар бол Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг, Сүхбаатар сум. Атрын өлгий нутгаас монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л салбарт манлайлагч залуусыг хамтдаа хайцгаая.
Э.ОТГОН