”Гэнэт хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг шалгана” гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

”Гэнэт хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг шалгана” гэжээ

“Эрүүгийн хуульд хэн дуртай нь нэмэлт, өөрчлөлт оруулж, оролддоггүй юм” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нарын өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр хэлж байсан. Үнэхээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах чадвартай хуульч УИХ-д байхгүй юм уу. Энэ асуултад олон гишүүн, тэр ч бүү хэл Ерөнхийлөгч хариулт өгөхөөр ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нар Монгол Улсын Эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг санаачилсан юм. Энэхүү хуулийн төсөлд шүүгч нарыг ажиллах боломжоор хангах талаар илүү анхаарсан аж. Мөн хүүхэд, залуучууд ялихгүй зүйлээс болж хоригдож байгааг болиулахыг зорьж, залуусыг нийгэм, хамт олон, эцэг эх дунд нь хүмүүжүүлье гэдэгт ач холбогдол өгч байгаа юм. Гэсэн ч байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд дэмжээгүй учир хуулийн төсөл “унасан”. Харин хуулийн төсөл санаачилсан гишүүд дахин өргөн барихаар боловсруулж байгаа аж.  Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 160 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн нэмж тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэдний өргөн барьсан хуулийн төсөлд сонгуулийн дүнг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулбал эрүүгийн хариуцлага оногдуулдаг байхаар тусгасан аж. Хэрэв төрийн эрх мэдлийг улс төрийн зорилго агуулж, Үндсэн хуулийн бус аргаар авахаар сонгуулийн дүнг зохион байгуулалттайгаар будилаантуулсан бол 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирч, эд хөрөнгийн хохирол учирсан бол 16-25 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх нь. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн хуульд бүрхэг байсан заалтуудыг тодорхой болгож өгсөн аж. Мөн авлига авсан, гэнэт хөрөнгөжсөн төрийн албан тушаалтнуудыг шалгах, авлига авсан хэргээ хүлээвэл ял хүлээлгэхгүй байхаар хуулийн төсөлд оруулж өгчээ.

Ц.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж