Ли Куан Ю 88 насныхаа өндөрлөгөөс улстөрчдөд ийм сануулга өглөө. “Улс төрийн цагийг хэзээ ч ухрааж болдоггүй юм шүү” гэж. Тийм ээ, улс төрийн цагийг хэзээ ч ухрааж дийлэхгүй. Энэ бол хувь тавилан. Залуу үеийнхэнд “зангиа”-гаа тайлж өгдөг нь ч улстөрчийн жам. Домогт Ли “зодог тайлсан”-аа мэдэгдэж, Сингапурын ирээдүйг залуу үеийнхэнд даатгах зуур Ардын намын ахмад, залуу үеийнхэн ана мана үзэлцэж байх юм гээч. Ичдэггүй дамшигууд шүү. Тус намд өмнө нь Н.Энхбаярыг аялдан дагагсад болон бусад гэсэн зиндаархал байсан. Үүнээс болж, өч төчнөөн фракцитай болж амбицаараа арцалддаг болов. Харин үүний дараа олигархийн бүлэглэл хүчирхэгжиж, олонхийн дээр завил нь ч саяхны явдал. Гэвч одоо оны ялгаа гарган омгорхох нь их болжээ. “Ардын нам бол ахмад, дунд, залуу үеийнхний алтан хэлхээ юм” хэмээн сурталддаг тус намд 1950, 1960, 1970-аад оныхны ааг омог гаарч байна. Үүний нэгэн жишээ нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Их тэнгэрт болсон явдал.
“Нямка сайд нэг л биш ээ. Мань эр “МАК”-д 10 хувь эзэмшдэг гэсэн. Түүнд нь хэн нэгэн саад хийсэн учраас бачимдсандаа хэвлэлийн бага хурал хийлээ шүү дээ”. Ардын намын Удирдах зөвлөл болон УИХ дахь тус намын бүлгийн өргөтгөсөн хуралдааны үеэр зарим гишүүн Ц.Нямдоржийн талаар иймэрхүү утгатай зүйл ярилцжээ.
Сайд үүнийг сонссон уу, яасан “Энэ Ж.Энхбаяр гэдэг нөхөр “Нэртэйгээр нь Ц.Нямдоржийг огцруулчих” гэж над руу галыг чиглүүлсэн. Ер нь Ардын намын залуус даварч байна. Бидний тухай битүү хатуу үгсийг хэвлэлийнхэнд хэлж, ах нар руугаа дайрах боллоо. Сайндаа ч биш. Лидерүүдийн суудалд суух санаатай байгаа юм” хэмээн 1970-аад оныхон руу дайрчээ. Цаадуул нь ч юу гэж мөчөөгөө өгөх вэ. “Танай танхимынхан санаачилгагүй ажилладаг нь үнэн биз дээ. Стандарт бус Засгийн газар байгуулснаар энэ намыг сүр сүлдгүй болголоо. Ардчилсан намынхныг шүүмжилье гэхээр Ардын намынхныг бас хэлэх болдог. Ардын намын байгуулсан хамтарсан Засгийн газар биш, Ардчилсан намынхантай хүч хавсарсан засаглалыг бүрдүүлчихсэн шүү дээ, та нар. Хар л даа. Гол, гол сайдын суудал хэний мэдэлд шилжсэн юм бэ. Ардчилсан намынханд биз дээ” гэж хэрүүлийг улам гааруулж орхижээ. Харин энэ үед тэрслүү бүлгийнхэн болох УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар байсангүй. Тиймээс залуучуудын фракцийнхан Ц.Нямдоржтой үзэлцэж, мань сайдтай С.Баяр хүч хавсарчээ.
Ардын намд оны ялгаа гаарах нь аргагүй. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй юм, Нямдорж оо” гээд хэлчихсэнд шаралхсан сайд нам нэгт Ж.Сүхбаатартай барьцалдаж авсан нь өнгөрсөн оны өдийд болсон явдал. Харин тэр үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр С.Баярын эсрэг мэдэгдэл хийж, нам дотроо бужигнаан үүсгэсэн билээ. Тэрбээр “Бид С.Баяр даргаас асар их зүйл хүлээж, түүнд итгэж байсан. Харамсалтай нь манай хүн үүнийг биелүүлж чадаагүй. Тэгээд ч С.Баяр дарга улс төрд өөрийн гэсэн бүлэглэлтэй болж чадаагүй. Нэгэнт бүрдчихсэн байсан бүлэглэлүүдийг л өөртөө татсан. Тэрбээр улс төрийн хуучин фон дээр тоглолт хийснээрээ том алдаа гаргасан хүн” гэсэн удаатай. Тэр ч атугай “Хамтарсан Засгийн газар байгууллаа. Нэртэйгээр нь УИХ-д хамтарсан бүлэг байгуулчихгүй яасан юм бэ” хэмээн шаралхаж байсан билээ. Ц.Нямдорж сайдтай эрхэм гишүүн үг зөрдөг нь ч ийм учиртай. “Хамтарсан Засгийн газар байгуулснаар бүх зүйл утгаа алдлаа. Бид УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намынхантай тэврэлдээд оролцохгүй нь тодорхой шүү дээ” гэж хэлснийхээ төлөө 1970-аад оныхон ах нараасаа жавтий хүртжээ. Өргөтгөсөн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд ахмад, залуу үеийнхэн рүү хар хорын үг шидэж, нөгөө хэд нь УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцанг ноцож авахдаа тулсан байна. “Лүндээг өөрчилье” хэмээн далдуур үгсч байснаа ч энэ үеэр ил болгож орхижээ. Хамтарсан Засгийн газар хэмээх хана хэрэм рүү хүний, өөрийнхөн элдвийг шидэж, Д.Зоригт сайдыг хамгаалж үлдсэний дараа Ардын намынхан дунд иймэрхүү л дажин өрнөж.
Ингэхэд Ли өвгөн яагаад явах болсон юм бэ. Сингапурын эрх баригч нам энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцож, Сентоза арал орчимд үнийн өсөлт нүүрлэсэн учраас тэр. Улс төрийн тавцнаа хагас зуун жил ноёрхсон Ли Куан Ю бас ялагдлаа хүлээж чаддаг аж. Нас дээр гарснаа ч хүлээн зөвшөөрч байна. Харин Монголын парламентад “Би энд 20 жил ажилласан. Гэтэл чи дөнгөж хоёрхон жил ажиллаа биз дээ” гэх богино зайны тоглолт үргэлжилсэн хэвээр. Нас, насныхны энэ амбиц хамтарсан Засгийн газрыг бүү хэл намаа ч “намнаж” мэднэ шүү. Гэвч тээр тэнд бас хэн харагдаж байна гээч. Ардын намынхны хуучин брэнд болох Н.Энхбаяр ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй өсөрхөж сууна.
Улс төрийн тойм сонин