Португалийн эдийн засаг дахин уналтад оржээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Португалийн эдийн засаг дахин уналтад оржээ

Португалийн эдийн засаг дахин уналтын байдалд байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт нь хоёр улирал дараалан буурчээ. Энэ жилийн эхний улиралд Португалийн ДНБ 0,7 хувиар өмнөх жилийн мөн үеийнхээс буурсан. Харин 2010 оны сүүлийн улиралд өмнөх улирлынхаас 06 хувиар буурсан юм.
Португалийн эдийн засаг дэлхийн санхүүгийн хямралаас болон уналтад орсон байснаа 2009 оны хоёрдугаар улиралд бага зэрэг өссөн. Харьцуулан хэлэхэд евро бүс болон Европын холбооны орнууд эдийн засгийн уналтаасаа тэр жилийн гуравдугаар улиралд бүрэн гарсан байсан юм.

Одоо Португали өрийн хямралтай тулгараад байна. Улсын өр нь 160 тэрбум евро буюу ДНБ-ний 93 хувийг эзлэх болжээ. Хямралтай тэмцэхийн тулд Португалийн эрх баригчид Европын холбоо ба ОУВС-гийн тусламж авахыг зөвшөөрсөн юм. Тавдугаар сарын эхээр талууд гурван жилийн хугацаатайгаар Португалид 78 тэрбум евроны зээлийг олгохоор ярилцан тохироод байсан юм.

Bloomberg тэмдэглэснээр, тавдугаар сарын 5-нд тус улсын Сангийн сайд Фернанду Тейшейра душ Сантуш (Fernando Teixeira dos Santos) мэдэгдэл хийн энэ жилийн эцэст улсын ДНБ хоёр хувиар буурна гэсэн байлаа. Сайдын хэлснээр бол ирэх жилд ч эдийн засаг нь мөн ийм сөрөг үзүүлэлттэй гарах бололтой. Зөвхөн 2013 оноос л тус улсын эдийн засаг сэргэнэ гэж сайд хэлж байна. Португали нь Европын ба ОУВС-гаас тусламж авсан Грек, Ирландын дараах гурав дахь орон нь болсон юм. Энэ сарын 13-нд Грекийн эрх баригчид тус орны ДНБ-ний өсөлт 2011 оны нэгдүгээр улиралд өмнөх улирлынхаасаа 0,8 хувийн өсөлттэй гарлаа гэж мэдэгдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж