Монгол улсын байнгын төлөөлөгчийн орлогч үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Монгол улсын байнгын төлөөлөгчийн орлогч үг хэлэв

“Биологийн зэвсгийг хориглох тухай Конвенц”-д оролцогч талуудын Мэргэжилтний түвшний уулзалт Швейцарийн  Холбооны Улсын Женев хотноо 2014 оны 8 дугаар сарын 4-нд эхлэв. Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин зөвлөх Г.Жаргалсайхан  манай улс уг конвенцийг үндэсний хэмжээнд хэрхэн хэрэгжүүлж буй талаар танилцуулж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Биологийн зэвсгийг хориглох тухай Конвенц”-ийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх нь уг зэвсгийг дэлхий нийтээр эгнэгт хориглох урьдчилсан нөхцөл бөгөөд Монгол Улс конвенцийг бүрэн хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ирснийг дурдав.

Энэ хүрээнд Монгол улсын Гадаад Харилцааны Яам НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран 2014 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо тусгай сургалт зохион явуулсан нь  манай улсын холбогдох яам, агентлагууд, иргэний нийгмийн байгууллагууд Конвенцийн зорилго, ач холбогдлыг илүү сайн ойлгох, холбогдох хууль, журмыг сайжруулах, үндэсний чадавхийг бэхжүүлэх, техникийн дэмжлэг туслалцааны хөтөлбөр  боловсруулж хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсныг  Байнгын төлөөлөгчийн орлогч онцлоод биологийн шинжлэх ухаан, технологийн  түргэн хурдацтай хөгжил, био үүсгэгч, хорт бодисыг зэвсгийн зориулалтаар ашиглаж болзошгүй нөхцөл байдал, итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ зэрэг био-хамгаалал, био-аюулгүй байдалд холбогдох асуудлуудыг дэлхий нийтийн хамтын нийгэмлэг өдгөө үр дүнтэй шийдвэрлэхийн чухлыг цохон тэмдэглэв. “Биологийн зэвсгийг хориглох тухай Конвенц”-д оролцогч талуудын мэргэжилтний түвшний уулзалтын үйл ажиллагаа энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж