Иргэдээ ажилтай болгох чиглэлээр дорвитой санаачлага гаргаж ажиллаагүй аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар өчигдөр Төрийн нарийн бичгийн даргаасаа хатуухан донго хүртлээ. Ингэхдээ Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад хариуцлага тооцохоор болсон юм. Өмнө нь яамнаас Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг ажлаа сайжруулах үүрэг даалгавар өгсөн ч урьдынхаасаа дээрдээгүй нь аймгуудаас сүүл мушгихад хүргэв.
Харин иргэнээ ажилтай болгож ажил нь гялзалсан аймгуудын тоонд Ховд, Дархан-Уул, Увс, Сүхбаатар, Сэлэнгэ, Баянхонгор аймгууд багтлаа. Дүүргүүдээс Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багануур торойв. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь энэ оны эхний зургаан сарын байдлаар давхардсан тоогоор 577 ажил олгогч байгууллагуудаас авсан 2195 сул чөлөөтэй ажлын байрны захиалга авч бүртгэн, 1801 иргэнийг ажилд зуучлан оруулжээ. Энэ нь нийт сул чөлөөтэй ажлын байрны 82 хувьд нь ажилгүй иргэдийг зуучлан ажилд оруулсан гэсэн үг юм байна.
Мөн "Хөдөлмөр хөгжлийн хөтөч" цүнхийг дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагуудаар аялуулж байгаа аж. Энэхүү цүнхэнд хөдөлмөрийн бүтээмж тооцох аргачлал, хөдөлмөрийн норм норматив боловсруулах аргачлал, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх аргууд, хамтын гэрээ байгуулах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх гарын авлага, ХАБЭА-н хууль тогтоомжийн эмхэтгэл зэрэг 14 төрлийн гарын авлага материал багтжээ. Тэндээс ажил олгогч хийгээд, ажилтнууд тодорхой мэдээлэл авч, эргэн зөвлөгөө авах боломжтой гэнэ.
Харин Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэлжүүлэх” гурван сарын аян зарлаж ажилласнаар 31 иргэн, 44 аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэгчээр бүртгүүлжээ.
Эдийн засгийн хямралын уршгаар аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж ажилчдаа цомхотгож байгаа нь нэг талдаа үр дүнг үгүй хийж байна гэдгийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар учирлаж байлаа. Учир нь иргэдээ ажилд зуучлаад л байдаг, нөгөө талд нь ажлын байрны цомхотгол хийгдээд байдаг нь аргыг нь мухарлаж буй бололтой. Гэхдээ Төрийн нарийн бичгийн даргын зүгээс “Хямралд бууж өгөхгүйн төлөө тэмцэх ёстой. Эцсийн зорилго иргэдээ ажилтай болгох” гэнэ билээ.
Энэ удаагийн цахим хуралд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хэлтсийн дарга С.Чойноров, Хөдөлмөрийн төв биржийн төв захирал Ц.Энхтуяа нар оролцож, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарт мөн тодорхой даалгавар өгч, сарын дараа дахин үр дүнг тооцохоор болсон юм.
Ажлын байр бий болгохын төлөө зүтгээд байж дээ.
Г.ШАРХҮҮ