Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Муу соёл тогтоогч

Ардчилсан нам төрийн эрхэнд хоёр дахь удаагаа гарсан өнгөн дээр “муу соёл тогтоогч” хэмээн өргөмжилмөөр санагдлаа. Монголын ард түмэнд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм гэж юу байдгийг харуулах гэж зорьсон 1990 оны цагаан морин жилийн зориг, зүрхийг нь монголчууд өнөөг хүртэл сэтгэлдээ тээсээр байдаг. Тиймээс ч 2012 онд дахин итгэл хүлээлгэсэн хэрэг. Өмнө нь ардчиллын авторууд ид залуу байх үед буюу 1996 онд Монголын ард түмэн төр захирах үнэмлэхүй эрх мэдлийг өгч байсан билээ. Тухайн үед Монголын төрийг 70 гаруй жил барьсан ганц хүчин болох МАХН-ын зарим зүтгэлтнүүд сонгуулийн энэ дүнд итгэж чадан өөрийгөө чимхэж байсан гэдэг.

“Ингэж амьдарч болохгүй” гэсэн ганц итгэл үнэмшлээс өөр зүйлгүй ардчилагчид үнэндээ төрөөр айл гэр тоглосон юм. Чухамхүү тэр 1996-2000 оны хооронд төрийн албан хаагчдыг хоморголон халж, өчигдрийн журамт нөхдүүд эрх мэдэлд шунан нэг нэгнээ баричлан шоронд илгээж, Засгийн газраа дөрвөнтөө унагаж байсан билээ. Төр жолоодох, үгүйдээ л хүн удирдах арга барилгүй, өөрийн ёс зүйгүй ардчилсан гэсэн угшилтай хүмүүс төрийн дээд, дунд, доод шатанд чигчсэн байсныг санаж байна.

Төрийн ажил гэдэг бол итгэл үнэмшил биш гэдгийг ард түмэн ойлгуулж, бүхэл бүтэн 12 жил өндийх боломжийг Ардчилсан намд олгоогүй. Хангалттай шийтгэлээ, одоо нэг ухаарсан байх гэсэндээ 2012 онд сонгогчид Ардчилсан намыг дугуйлсан байх. Харин одоо болж байгаа үйл явдлыг харахад ардчилагчид маань юун ухаарах, 1990-ээд оны итгэл үнэмшил нь амьдралын нугачаанд замхран алга болж, зөвхөн шунал хүслээ гүйцээх ганц зорилготой болжээ. Ядаж байхад яр гэгчээр эдийн засгийн жилийн өсөлт нь 17 хувь хүрч, мөнгийг баруун солгойгүй тарааж байсан үе өнгөрч улс орны сан хөмрөг бараг хоосрох нь. Арай дундарчаагүй сангийн хөрөнгөн дээр тоглох гэж улайрсан Ардчилсан намын бүлэглэлүүдийн зөрчил Н.Алтанхуягийн Засгийн газраар туг тахих нь багадаж, намынхаа ирээдүйгээр туг тахихад ойрхон байна. Өөр өөр үзэл бодолтой бүлэг, фракцтай байгаа нь Ардчилсан намын гол давуу шинж хэмээн хөөрцөглөн ярьдаг байсан Ардчилсан намынхан энэ бүтэц нь олон ургальч үзэл биш зүгээр эрх мэдлийн төлөөх санаархал тээсэн ханлигууд байсныг одоо ухаарч байх шиг байна. Харин энэ ухаарал нь хэтэрхий оройтоогүй байгаасай.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж