AP Photo/Yves Logghe
Европын холбоо нь Оросын зүгээс авсан худалдааны хязгаарлалтыг улс төрийн шалтагтай гэж үзэж байна хэмээн Еврокомиссийн төлөөлөгч Фредерик Венсан мэдэгдлээ.
"Оросын авсан хориг арга хэмжээг бүрэн үнэлэн үзсэнийхээ дараа бид зохих хариуг авах эрхээ өөртөө үлдээж байна” гэж тэр онцолжээ.
ОХУ-ын авсан хариу хориг
ОХУ-ын Засгийн газар Австрали, Канад, Европын холбоо, АНУ, Норвегиас үхэр, гарай, шувууны мах, загас, бяслаг, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд бүрэн хэмжээний хориг тавьж байгаа нь наймдугаар сарын 7-нд тодорхой боллоо. Энэ тухай мягмар гаригт ерөнхий сайд Дмитрий Медведевын гарын үсэг зурсан Засгийн газрын тогтоолд өгүүлжээ. Уг шийдвэр нь 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна.
Харин хоригт хүүхдийн хоол мөн хувь хүний гадаадад худалдан авсан бараа хамрагдахгүйг Медведев хэлэв. Засгийн газрын тэргүүн нэмэн мэдэгдэхдээ, хязгаарлалтыг нэг жилийн хугацаатайгаар өнөөдрөөс хэрэгжүүлж байна. Гэхдээ манай түншүүд хамтын ажиллагаандаа бүтээлчээр хандвал бид хугацааг эргэн харахад бэлэн гэв.
Орос өөрт нь тавьсан хоригт урт хугацаагаар хариу өгөөгүйг Медведев сануулав. “Хориг бол мухардал гэдгийг түншүүд ойлгоно гэж бид сүүлийн өдөр хүртэл найдаж байлаа. Тэд үүнийг ойлгосонгүй” гэж тэр тэмдэглэв.
Үүний өмнө, Оросын ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо аюулгүй байдлыг хангах үүднээс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан орнуудын импортын зарим бараанд хориг тавих зарлигт гарын үсэг зурсан юм. Түүнийх нь дагуу Засгийн газар нь хоригийн жагсаалтыг гарган хэрэгжүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР