Г.Номин: Үндэсний спортыг түлхүү нэвтрүүлэх нь даяаршлын эрин үед их ач холбогдолтой
Монголын сэтгүүл зүй тэр дундаа телевизийн салбарт нэгэн шинэ байгууллага мэндлээд байна. Гэсэн хэдий ч богино хугацаанд үзэгч, уншигчдын танил болжээ. Өөрийн өнгө төрхөө тодорхойлж, үзэгчдийн дунд нэлээд нэр хүндтэй болсон “Сүлд” телевизийн маркетингийн албаны дарга Г.Номинтой уулзаж ярилцсан юм.
-Танай хамт олон монголын сэтгүүл зүйн салбарт хамгийн залуу нь болж байна. Тийм боловч их идэвхи, эрч хүчтэй ажиллаж байх юм?
-Баярлалаа. Манай телевиз байгуулагдаад удаагүй байгаа. Гэсэн хэдий ч бодлого, өнгө төрхөө богино хугацаанд тодорхойлж үйл ажиллагаа нэлээд жигдэрлээ. Сүлд телевизийг зуун хувь спортын телевиз гэж хэлж болно. Цаашдаа үзэгчдэдээ чанартай уран бүтээл, нэвтрүүлгүүдээр бэлэг барихыг хичээн үзэгчдийнхээ хүсэл сонирхол, спортын мэдлэгт зориулсан спортын шилдэг агшин бүрийг үзэгчдэдээ хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.Дотоодод болон гадаадад зохиогдож буй уралдаан тэмцээнүүдийг бид дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлнэ гэдгээ амлаж байна.
-Энэ олон телевиз, хүчтэй өрсөлдөөнд спортын чиглэлийг барьж авсан нь их сонин байна?
-Юуны өмнө “Сүлд” телевиз техник технологийн өндөрч чадамжтай, бүрэн хэмжээний спортын суваг гэдгийг хэлмээр байна. Бид нэвтрүүлэг, үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн шилдэг, шинэ техник хэрэгсэл ашиглаж байгаа. Монголд спортын тэмцээн уралдааныг нэвтрүүлэхэд техник, технологийн дутмаг байдлаас болоод гадаадын нэвтрүүлгүүдтэй жишигдэж чанаргүй бүтээл болж хувирдаг. Энэ орон зайг нөхөж чадвал манайд маш олон хөгжөөн дэмжигч, спортын хорхойтон үзэгчид бий шүү дээ. Цаашдаа бид Телевизийн спортын контентуудыг дэлхийн жишиг стандартад дүйцүүлэн өөрсдийн хүчээр бэлтгэн хүргэхээс гадна Дэлхийд болон Азид болж буй Спортын тэмцээн уралдаан (шоу, хөтөлбөр)-ын албан ёсны эрхийг авч өрсөлдөх давуу талаа бэхжүүлэхээр ажиллаж байна.
-Сүлд телевизийг үзэхэд спортын телевиз гэхээсээ гадна үндэсний хэв маягийг их дээдэлсэн юм шиг ажиглагдсан?
-Тийм ээ. Манай телевизийн нэгэн бодлого бол үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэх, таниулан сурталчлах юм. Ингэхдээ үндэсний спортоороо дамжуулж залуу үеийнхэндээ уламжлал, өв соёлоо таниулах бодлоготой. Учир нь Монголын үндэсний спорт хурдан морь, бөх, сур харваа, шагай харваа зэрэг нь нүүдэлчдийн соёл ахуйг шингээж, эрт үеэс өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн. Цаашдаа ч хадгалж явах нь тодорхой. Тиймээс үндэсний спортыг түлхүү нэвтрүүлж, анхаарах нь өгөх нь өнөөдрийн энэ даяаршлын эрин үед ихээхэн ач холбогдолтой байх болов уу?
-Танай хамт олон саяхан наадмын үеэр телевизийнхээ анхны эфирийг цацлаа. Тэгэхдээ бүр үндэсний их баяр наадмаа шууд дамжуулсан. Энэ бол их зоригтой алхам болж, нөгөөтэйгүүр их амжилттай энэ том ажлын ард гарсан шүү дээ?
-Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103, Улс хувьсгалын 83 жилийн ойгоор анхны эфирээ цацаж энэ их ойн наадмыг шууд дамжуулсан. Мэдээж хэрэг бүх зүйл анхных байсан болохоор дор бүрнээ айдастай байсан. Мөн түүнийхээ хэрээр хүн бүр хариуцлагаа ухамсарлаж, хичээж ажилласан. Бид цаашид аа ч үргэлж өөдөө тэмүүлж, үйл ажиллагаа цар хүрээгээ тэлэхийн төлөө зүтгэж ажиллана. Хамт олон маань ч зорилго тэмүүллээр, дүүрэн залуучууд голдуу хүмүүс бий.
Сүлд телевиз ямар ямар сувгаар гарч байгаа вэ?
Манайх Univision – 51
Skymedia – 19
Ddish TV – 19
MNBC – 19
Хийморь – 19 дүгээр сувгууд дээр гарч байгаа.
Удахгүй Сансар кабель, Сансар HD телевизүүдийн 19 дүгээр сувгаар гарч эхэлэх гэж байна.
За баярлалаа. Та бүхний цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!
Ярилцсан: “Сүлд” телевизийн маркетингийн албаны дарга Г.Номин