Паралимпийн аварга, Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус найз бүсгүй Рийва Стинкэмпийг буудаж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа билээ. Пүрэв гаригт болсон шүүх хурлын үеэр Оскар Писториусыг хуурамч гэрч болон жүжиглэж, үнэнийг гуйвуулж, бусдыг төөрөгдүүлэхийг оролдсон гэж буруутгажээ.
“Илдэн дээр гүйгч” хэмээн алдаршсан хөнгөн атлетикийн паралимпийн нэрт тамирчин найз бүсгүйгээ гэрт нь урилгагүй орж ирсэн хүн гэж андууран буудсан, түүний үхэлд буруугүй гэж мэдүүлсэн юм. Харин яллагчид түүнийг найз бүсгүйтэйгээ маргалдсаны улмаас санаатай буудаж хөнөөсөн гэж сэжиглэж байгаа билээ. Оскар Писториусын найз бүсгүй Рийва Стинкэмп өнгөрсөн оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Өмнөд Африкийн нийслэл Преториа дахь гэртээ буудуулж нас барсан юм. Олон сар үргэлжилсэн шүүх хурал завсарласны эцэст өнгөрсөн сард дахин эхэлсэн билээ. Яллагчид Оскар Писториус найз бүсгүйгээ санаатай хөнөөснийг нотлож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Хамгийн чухал нотлох баримт нь хөршүүдийн нотолгоо, шүүхийн шинжилгээний хариу, мөн тамирчны өөрийн мэдүүлэг зэрэг юм. Рийва Стинкэмп Оскар Писториус нар гурван сар үерхсэн аж. “Илдэн дээр гүйгч” хэрэв найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдвол үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэх ял сонсох юм.
Орчуулсан Н.ЭНХ