Жил гаруйн өмнө УИХ-ын төвшинд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Эрдэмтэн судлаачдыг багтаасан тус ажлын хэсэг “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна” гэсэн дүгнэлтийг хийжээ. Эл дүгнэлтийг УИХ-ын хаврын чуулган өндөрлөхийн өмнө гаргаж, УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүлсэн байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын дэд дарга Л.Цогийн тайлбарласнаар намын бүлгүүд тус бүртээ дүгнэлтээ гаргана. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг нягтлах аж.
Тэгвэл Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухайд, ажлын хэсэгт багтаж ажилласан эрдэмтэн судлаачид, УИХ-ын гишүүд “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг илүү сонгодог зарчим руу нь оруулах, аймаг, сумдын Засаг дарга нарыг сонгодог өнөөгийн тогтолцоог өөрчлөх, Засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг мөн шинэчлэх шаардлага бий болсон” гэж үзжээ. Гэхдээ дээрх ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн хүрээнд УИХ намрын чуулганаараа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадах уу гэдэг эргэлзээтэй байна. Намрын чуулган ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ, энэ үеэр асуудлыг хэлэлцэж болох ч цаг хугацааны хувьд амжихгүй байх талтай аж. Учир нь УИХ Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тухай хууль, 2015 оны Мөнгөний бодлого зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэх ёстой болно. Үүний хажуугаар Үндсэн хуультай холбоотой асуудлыг хэлэлцэхэд ярвигтай. 2015 он гарсны дараа асуудлыг УИХ хэлэлцье гэхэд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн сунгаа таарч амжихгүй болж, дараагийн парламентад шилжүүлж магадгүй юм гэх гаргалгаа хийх улстөрч байна.
Уг нь УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд дээр дурдсан зарим өөрчлөлтийг тусгаж чадвал Засгийн газрын гишүүнийг УИХ-аас томилдаг байхыг Үндсэн хуулиараа баталгаажуулах уу, эсвэл хориглох уу. “Давхар дээл” тайлах хуулийн төслийн хүрээнд дэмжлэг хүлээсэн Ерөнхий сайд болон зөвхөн ерөнхий чиг үүргийн яамдын сайд нарыг парламентаас томилдог байх уу зэрэг асуудал нэг талдаа гарах юм.
Ингээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэсэн асуултад УИХ-ын гишүүд өмнө нь ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэе.
Д.Эрдэнэбат: ҮХ-д өөрчлөлт оруулах шаардлага бий
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:- Уг нь хэдэн асуудал тавиад, энэ улс орны чиг баримжаа юунд суурилах ёстойг ард нийтээсээ асуучих хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Хотжилт, парламент, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны тухай, орон нутгийн эрх мэдэл, эдийн засгийн суурь чиг баримжаа гээд олон асуудлаар өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бүлгийн даргын хувьд ажлын хэсгийг түлхэнэ, шахна. Энэ асуудлаа эхэлж шийдэхгүй бол бусад хуулийн өөрчлөлт гацна.
Д.Лүндээжанцан: ҮХ-д өөрчлөлт орох байх
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:-Үндсэн хуульд хэрхэн өөрчлөлт оруулж болох тухай Ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ талаар бид хоёр, гурван жил ярьж байна. Тэгээд сумын Засаг даргыг хурлаас биш сумын иргэд сонгодог болох. Харин аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд сонгодог болох талаар ярьсан. Хариуцлагын тогтолцоог боловсронгүй болгох үүднээс энэ чиглэл рүү явах нь зөв. Монгол Улс нэгдмэл улс учраас үүнийг зөв зүйтэй санал гэж үзэж байгаа. Цаашид Үндсэн хуульд өөрчлөлт орох байх.
Ц.Оюунбаатар: Төрийнхөө дээд байгууллагыг өөрчлөх ёстой
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:-Шинэ Үндсэн хуулийг батлаад 20 гаруй жил боллоо. Улс орны нөхцөл байдал тодорхой хэмжээний зөрчил, хямралын шинжтэй байна. Ер нь олон асуудал хуулийн хязгаарлагдмал байдлаас болж шийдэгдэхгүй байгаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн үйл явц, хуулийн хэрэгжилт, Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хууль эрх зүйн цогц өөрчлөлт хийх шаардлага байна. Тэгэхгүй бол нийгэм маань нэлээд ээдрээтэй болчихсон. Монголын нийгмийг улстөрийн олигархийн бүлэглэлүүд захирч байна. Ийм нөхцөлд нийгмийг эрүүл болгохын тулд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Төрийнхээ дээд байгууллагыг өөрчилж, УИХ, Бага хурал гэсэн хоёр танхим байгуулах нь зөв.
А.Бакей: ҮХ-д өөрчлөлт оруулах шаардлага бий
УИХ-ын гишүүн А.Бакей:- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Шаардлагаа хэд, хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж болно. Одоогийн байдлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн таван ч хуулийн төсөл бий. Энэ нь хууль тогтоох эрх бүхий субьектүүд өөрсдөө шаардлагатай гэж үзсэн чиг хандлага юм. Нөгөө шаардлага нь Үндсэн хуульд 2001 онд оруулсан долоон өөрчлөлт нь зарим талаараа өнөөгийн шаардлагыг хангахгүй, суурь зарчимд нийцэхгүй байгаа нь ажиглагдаж байгаа. Дээрээс нь өнөөдөр хууль тогтоох байгууллага болоод гүйцэтгэх засаглалын уялдаа, бие биендээ тавих хуулийн хүрээний чиг үүрэг бас л амьдралд нийцэхгүй байна. Үүнд судлаач, хуульч, хууль тогтоогчид санал нийлбэл өөрчлөлт оруулах боломжтой.
Г.Уянга:
УИХ-ын гишүүн Г.Уянга:- Надад энэ засгийг, үнэндээ бол албан тушаалуудыг Готов нь авна уу Шадав нь авна уу чухал биш. Хэн нь ч авсан том бодлого, эрс өөрчлөлт хийж чадахгүй. Засаг унавал бид Алтанхуягийн засаг унаж байгааг биш энэ систем инерцээ барж нурж унаж байгааг л харж байгаа нь тэр. Энэ засаг өөрчлөгдөх нь том өөрчлөлтөд, Үндсэн хуулийн өөрчлөлтөд, хувьсгалд нэмэр болбол их салхи салхилбал ч салхилаг, шуурга дэгдвэл ч дэгдэг. Би түүнийг арав гаруй жил ярьсан. Хиймээр ч байна
Г.ДАРЬ