Буйр нуурыг зорьсны учир юу вэ?

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Буйр нуурыг зорьсны учир юу вэ?

Эрх баригчдын улстөрийн тогоо шатам халуун дээрээ байгаа энэ үед УИХ-ын дарга З.Энхболд Буйр нуурыг зорих нь тэр. Ээлжийн амралтынх нь хугацаа ердөө хоёр хоногийн өмнө дуусч ажилдаа орсон болохоор УИХ-ын даргад хөдөө явах зав олдохгүй л байлтай гэтэл үгүй юм. Ирэх даваа гариг хүртэл Төрийн ордонд ирэхгүйгээр явжээ. Үүгээр бол УИХ-ын ээлжит бус чуулган зарлах эсэх асуудал хоёрдугаарт тавигдаж байх шиг.

Харин Буйр нуурт Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн чуулга уулзалт товлогдсон тул УИХ-ын дарга оролцох аж. Тус холбооны ерөнхийлөгчийн албыг УИХ-ын дарга З.Энхболд залгуулдаг тул чуулганд оролцох нь зүй ёсны боловч энэ удаад удирдлагууд нь нам дотор үүсээд байгаа “гал авалцсан” асуудлыг хэлэлцэнэ гэх албан бус мэдээлэл байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Арвин тэргүүтнүүд Халх гол сумыг зорьсон бол араас нь УИХ-ын дарга З.Энхболд, Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтнүүд морджээ.

Төрийн ордонд “нисэх бор шувуу”-гаар дээрх чуулганаар халхавчлан Ардчилсан хүчний холбооны удирдлагууд Засгийн газрын асуудлыг хөндөнө гэх. Наадмын дараагаас УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Баттулга нар ойр, ойрхон шадарлах болсон тухай хэвлэлүүд бичих болсон. Харин энэ удаагийн Буйр нуурын уулзалтад Х.Баттулга тэргүүтнүүд очих уу, тэдэнд урилга илгээсэн үү гэдэгт хариулт олдохгүй байна.  

Үүнээс гадна УИХ-ын дарга ээлжийн амралтаа авахдаа ажлаа орлох хүнээр УИХ-ын дэд дарга М.Энхболдыг сонгосон нь улстөрийн хүрээнийхний анхаарлыг мөн татсан сэдэв болов. Яагаад нам нэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид ажлаа хариуцуулсангүй, МАН-ын даргыг сонгов. Ардчилсан нам, МАН хоёр нийлж Засгийн газар байгуулж мэдэх тухай яриа нь тэдний энэ мэт “нөхөрлөл”-өөс үүдэн гарсан биш байгаа гэх хардлагыг ч давхар дагуулаад байна.

Уг нь хаврын чуулган хаахаас өмнө УИХ-ын гишүүн С.Баярцогт намын даргадаа хандан “МАН-тай яаралтай зөвшилцөж, Засгийн газарт багтаах ёстой. Үндэсний зөвшилцөл хэрэгтэй” гэх үгийг хаягласан ч энэ нь хожимдсон санал байсан бололтой. УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нарын нөхөрлөл Засгийн газарт өөрчлөлт оруулж мэдэх хэмжээнд зузаарсан тухай дуулдаж байна.

Гэхдээ хэзээ мөдгүй Хятадын удирдагч Монгол Улсад айлчилна, араас нь ОХУ-ын ерөнхийлөгч мөн айлчлах тул тэр бүгдийг хүлээж авч, том ажлыг амжуулсных нь дараа Засгийн газарт “хөдөлгөөн” оруулах сценари “дэглэгдэх” сураг ажиг байна. Гол нь танхимаар нь өөрчлөх үү, эсвэл зөвхөн чиг үүрэг нь давхардсан яамдын сайд нарыг ажлаас нь чөлөөлсөнөөр асуудлыг шийдэх үү гэдэг одоогоор тодорхойгүй ч МАХН-ыг Засгаас гаргаж, оронд нь МАН-ынхныг оруулж ирэх байдлаар асуудал нэг тийш болж мэдэшгүй гэх яриа ч бас дагалдах.

Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг мөн Буйр нуурын эрэг дээр хэн, хэн саатсан тухай, юу ярьсан зэрэг асуудал удахгүй тодорхой болох биз ээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж