Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор төв замаар явах автомашинаас сар тутамд 40-50 мянган төгрөгийн төлбөр авахаар төсөл боловсруулсан талаараа Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр ярьжээ.
Түүний ярьснаар иргэд хотын төвөөр хий дэмий сэлгүүцээд дарга нарын явах замд бөөн гай уддаг юм байх. Ядахад Нийслэлийн Засаг даргын тамгын газар хотын төвд байдгийг хэлэх үү. Дорж, Дондог, Дулмаа нараас болоод явах замд нь ачаалал үүсч унтах нойрноосоо хасуулдаг ч юм уу, эсвэл иргэдээс иймэрхүү маягаар татвар авч, өм цөм дутсан төсвөө нөхөх гэсэн шилдэг санаачлага гаргасан ч юм билүү хэн мэдлээ. Ямарч байсан иргэдээсээ хотын төвөөр авто машинтай зорчих бол өндөр татвар авах төслийг НИТХ-ын төлөөлөгчдөөр батлуулахаар удахгүй хуралд оруулна шүү гэдгийг сануулж байна.
Нөхөр орлогч сэтгүүлчид “гоё” санаачлагынхаа тухай их л сэтгэл ханамжтай ярьсан байна билээ. Замын цагдаа, Нийтийн тээвэр, Авто замын газраас ирж байгаа дүн мэдээгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 30-40 хувь нь зорилгогүй хий сэлгүүцэж байна гэсэн тоо баримт байдаг гэж. Уг нь өндөр үнэтэй шатахуун худалдаж авдаг монголчууд эдийн засгийн хямралтай үед хотын төвөөр хийх ажилгүй дэмий сэлгүүцэж мөнгө үрдэг гэхээр ямар ч эрүүл хүний ой ухаанд багтахгүй юм. Задарсан баячууд болох дарга нар л дэмий сэлгүүцдэг юм уу гэхээс энгийн иргэд яам, тамгын газар, агентлагаар орж ажлаа амжуулахын тулд хотын төв рүү зүтгэнэ үү гэхээс хийх ажилгүйдээ тэр хараал идсэн авто машины түгжрэл рүү явдаг юм биш. Үүнийг орлогч дарга Н.Гантөмөр мэддэггүй бололтой.
Ингэхэд жирийн иргэд хотын төв рүү машинтай давхиж дарга нарт гай удаад байгаа юм бол хотын төв дэх яам, агентлаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа байгууллагуудаа хотын төвөөс “зайлуулж” захад байршуулбал яасан юм бэ. Тэгвэл иргэд ажил, албаа гүйцэлдүүлэх гэж төрийн байгууллагуудыг дагаад хотын зах руу л явна. Нийслэлийн удирдлагуудын ярилцаж байгаагаар Баруун дөрвөн зам-Бөхийн өргөө, Чингис зочид буудал-Гэсэр сүм гэсэн хэсгүүд дээр хязгаарлалт хийж дарга нараас өөр хүн авто машинаар явахыг хориглох бололтой. Хэрэв иргэд автомашинтайгаа хотын төвөөр “дэмий сэлгүүцэх”-ийг хүсвэл сар тутамд 40-50 мянган төгрөгийн татвар төлнө. Ингэхдээ өдрөөр нь тооцвол хураамж 1000-1500 төгрөг байхаар ярьж байгаа аж. Үүнийг энэ сарын 13-нд зарласан НИТХ-аар эцэслэнэ гэснээс харахад нийслэлийн удирдлагууд өөрсдийнхөө явах замыг чөлөөлөх гэж үнэнхүү улайрч байгаа бололтой дог.
Ханшийн савалгаа, төгрөгийн уналтаас болоод дарамтанд байгаа иргэдээ ингэж алагчлах хууль бий бил үү. Дарга нарын хувьд 40-50 мянган төгрөг гэдэг “чихрийн цаас” биз. Тэгээд ч тэд өөрсдөө хотоор “зугаалах” тэрхүү татварыг халааснаасаа биш татвар төлөгч бидний мөнгөнөөс гаргана шүү дээ. Аягүй бол авгай хүүхдийнхээ унах машины явах эрхийн бичгийг татвар төлөгч бидний мөнгөнөөс гаргачихдагаа сийхгүй л улс.
Ингэхэд, хотын төвөөр явах машиныг хязгаарлах нь нийслэлд маш их хэрэгтэй гэж Н.Гантөмөр орлогч ярьж. Үнэндээ энэ нь нийслэлийн иргэдэд хэрэгтэй юу эсвэл нийслэлийн дарга нарт хэрэгтэй юу. Нэртэйгээр нь нийслэлийн төвөөр энгийн иргэд явахыг хориглоно гэсэн шийдвэр гаргачихаач дээ, Д.Баттулга дарга аа.
Эргэлзээ төрүүлж байгаа ганц зүйл гэвэл энэ коммунист нийгэм үү, эсвэл ардчилсан нийгэм үү. Бодоод бодоод ойлгохоо байлаа.
Б.ХОНГОР