Саарал ордон эл хуль, улс төр нам жим мэт харагдаж бaйвч наадам дуусахтай зэрэгцэн Монголын улстөрчид “орондоо унтах завгүй, олзлон булаалдах нь” холгүй хор найруулж эхэлснийг сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдал бэлхнээ харуулав. Гэхдээ энэ нь, тэдний дэлгэж байгаа хөзрийн зөвхөн эхлэл нь. Цаашдаа Монголын улс төрд ямархуу хачирхалтай бэлэг бэлтгэж, хэр хэмжээний хор найруулж байгааг хэлэхэд бэрх.
Хэн нэгнийг захиалгаар баривчлуулах, өрсөлдөгчөө цэрэг, хүчнийхэнтэй хамсарч намнах аргаар замаасаа зайлуулах улс төрийн ажиллагаа идэвжсэн нь илэрхий байна. Өнө эртнээс хүссэн зорилгоо биелүүлэхийн тулд улс орон, нам, журмын нөхдөө худалдан идэхээс ч сийхгүй болсон Монголын улс төр дэх бохир ажиллагаа хэвлэл мэдээллээс хальж, цэрэг цагдаагаар дамжин хийгддэг болсон нь хамгийн аймаар.
Үүний ард дурын нэгэн улстөрч бий гэвэл түүн шиг эндүүрэл үгүй биз. Улс төрд өрнөж байгаа үйл явдлыг ажиглахад энэ бүхний ард МАНАН-г байгуулах сонирхол бүхий эрх ашгаараа сүлбэлдэн, хэлхэлдсэн хэдхэн хүн байгаа гэдэг нь тодорхой байна. Цагийн аяст тааруулан нэгээс нөгөө рүү шарван гүйж, эрх мэдэл, мөнгө гэдэг үнэт зүйлтэй хүмүүс олон бий. Хар шар нь хамаагүй зөвхөн халаасаараа нийлсэн тэдгээр хүмүүсийн зарим нь тухайлбал, М.Энхболд, Т.Бадамжунай, Х.Баттулга, Сү.Батболд нар сүүлийн үест ихээхэн сүлбэлдэх болсон гэх хов явж байна.
Улс төр угаасаа бохир. Хамгийн муухай, бохир заваан бүхэн тэнд л болж байдаг. Хайртай хүнээ худалдах нь холгүй хор чухамхүү улс төрийн ертөнцөд л өрнөж байдаг. Тиймээс ч улс төрд мөнхийн найз, бас дайсан үгүй гэдэг биз. Харин өнөөдрийн хувьд улс төрийн бохир ажиллагаа улам бүр нарийсч, улам хорлонтой болсон нь ойлгомжтой болжээ. Учир нь, улс орны эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх гэсэн бүлэглэл эцэс сүүлдээ Монголын хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий субъектыг ашиглаж байгаагаа ч нууж хаахыг хүссэнгүй.
Магадгүй тэдний хүсч байгаа эрх мэдлийг нь атгуулчихвал Монгол Улсад авлига хээл хахууль, шударга бус үзэгдэл газар авахгүй гэсэн баталгаа байна уу. Хэрэвзээ улс төрд дахиад МАНАН татвал тэрхүү мөнгө, эрх мэдлийн зузаан нэгдлийг сарниулах хүч монголчуудад бий юу. Хууль бус газрын наймаанаас эхлээд авлига, хээл хахууль, улс төрийн бохир заваан ажиллагааны цаана зөвхөн тэд л нуугдаж байдаг. Тэгвэл тэдний халаасанд хэвлэл мэдээлэл, хууль, хяналтынхан бүхэлдээ багтчихсан тохиолдолд бид юу хийж чадах вэ. Чухам иймээс л хуулийн салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэлийг дэмжих замаар мөнгө- улс төр- хууль-шүүх гэсэн том нэгдлийг бид устгаж чадна. Үүний тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг ч багагүй хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Монголын улс төр- эрх мэдэл- мөнгө гэсэн холбоосыг салгахын тулд хууль, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар асуудлыг шийдэх хэрэгтэй болсныг ч улс төрийн захиалгаар хийгдэж байгаа баривчлах ажиллагаануудаас харчихаж болох юм.
Хятадын удирдагчийн айлчлалаар эхлүүлэх хүндэтгэлийн чуулганыг залгуулаад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах яриа ч гарч эхэлсэн. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэх замаар гол зорилгоо гүйцээх улс төрийн тоглолтоо М.Энхболдын багийнхан ил болгож таараа. Харин тэдний эрх мэдэлд хүрэх зорилгын золиос нь Монголын нийгэм, эдийн засаг болох учиргүй юм. Учир нь баячууд зодолдоход барлагийн биед цус үсэрдэг гэсэн гашуун үг бий.
Ж.НЯМСҮРЭН