Мьянмарын сөрөг хүчний лидер Ан Сан Сү Чи Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, парламент дахь цэргийнхэний ноёрхлыг халахыг дэмжсэн таван сая хүний гарын үсгийг цуглуулаад байна.
Тус улсын 2008 оны Үндсэн хуульд парламентын гишүүдийн 75 хувь санал нэгдсэн тохиолдолд Үндсэн хуулийн гол заалтад өөрчлөлт оруулах тухай заасан байдаг. Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад парламентын 25 хувийн суудалтай цэргийнхэн том саад тотгор болж байгаа юм. Өөр нэг заалт нь Ан Сан Сү Чиг ерөнхийлөгчөөр сонгох тухай аж.
Ардчиллын төлөөх Үндэсний лиг нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад шаардлагатай 75 хувийн саналыг авахын тулд кампанит ажил өрнүүлж, өнгөрсөн тавдугаар сараас долдугаар сарын хугацаанд нийт 4,941,998 хүний гарын үсэг цуглуулсан байна. Ардчиллын төлөөх Үндэсний лиг намын хэвлэлийн төлөөлөгч “Гарын үсэг зурсан хүмүүсийг эрх баригчид айлган сүрдүүлж, дарамталж, кампанит ажил борооны улиралтай давхацсан ч маш амжилттай болсон ” гэжээ. Кампанит ажилд төрийн албан хаагчид, цэргүүд ч хүртэл хамрагдсан байна.
Мьянмарын сөрөг хүчний лидер Ан Сан Сү Чи “Мьянмарын одоогийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Тэдгээр өөрчлөлтүүд нь ардчиллын шалгуурт нийцэж байж, 2015 оны сонгууль шударга, чөлөөтэй явуулах боломжтой болно” гэжээ.
Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Сү Чи Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхийлөгч Тейн Сейн, болон спикер Тура У Швэ Манн нартай хэлэлцээ хийхийг уриалсан боловч тэд нааштай хариу өгөөгүй байна.
Мьянмарын Ардчиллын төлөөх Үндэсний лиг нам цуглуулсан таван сая хүний гарын үсгийг парламентад өргөн барих юм.
Орчуулсан Н.ЭНХ