Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байж баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газраар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдах, үерийн аюулын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар ихэнх гол мөрний усны түвшин аажим буурч байгаа хэдий ч зарим томоохон голын усны түвшин үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.
Тухайлбал Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын адаг буюу Чойбалсан хот орчимд үерийн түвшинг 5 см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 10 см орчим давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Хэдийгээр усны түвшин буурч байгаа хэдий ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох тул тухайн үед орсон хур борооны эрчимшлээс хамаарч гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх тул ард иргэд сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.
Ч.БОЛ