АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ОХУ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ОХУ хориг тавив

Украины хэрэг явдлаас үүдэн тус улсын эсрэг явуулж буй эдийн засгийн хориг арга хэмжээнд хариу барьж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын хөдөө аж ахуйн импортын бүх бүтээгдэхүүнд хориг тавихыг тушаажээ. Нэг жилийн хугацаатай импортын хоригт багтсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний жагсаалтыг өнөөдөр хэвлэлээр нийтлэх юм байна. Гэвч Риа Новости агентлагийн мэдээлснээр АНУ-д үйлдвэрлэсэн ямар ч бүтээгдэхүүнийг ОХУ импортлохоо болих бололтой.

 

ОХУ-ын Үйлдвэр, хөдөө аж ахуйн хяналтын албаны хүний мэдээлснээр тус улс Европын холбооны орнуудаас импортолдог жимс, хүнсний ногоонд ч мөн хориг тавих гэнэ.  Европын холбоо өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын эдийн засгийн бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй, шат дараалсан хориг тавьсаны дараа  В.Путины дээрх шийдвэрийг гаргажээ.

 

 

АНУ болон Европын холбоо өнгөрсөн гуравдугаар сард ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн хэрэг явдалд тус улсыг буруутган, Украины зүүн хэсэгт үүсээд буй үймээн самууныг цэрэг зэвсгээр хангаж буй гэж хардан ОХУ-ын гол компаниуд болон бизнесменүүдийн данс, хөрөнгийг битүүмжилж, эдийн засгийн хориг тавьсан билээ.

 

АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Лаура Магнусон мэдэгдэлдээ "Барууны орнууд болон компаниудын эсрэг ОХУ-ын өшөө авалт өөрийг нь олон улсад ганцаардуулж, эдийн засагт нь илүү хор хохирол учруулах болно” гэжээ.

 

ОХУ импортын хүнсний бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай. Мөн импортын хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг Баруунаас орж ирдэг байна.  Тус улс өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолсон бол Европын холбооноос импортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 15.8 тэрбум еврод хүрчээ.

 

В.Путин дээрх шийдвэрийнхээ талаар ОХУ-ын аюулгүй байдлыг баталгаажуулах ганцхан зорилготой гээд импортын хоригоос үүдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ. Украины хэрэг явдал улам хурцдаж буй энэ үед Европын агаарын тээврийн компаниудын Ази руу гарах агаарын замыг хаах гэж буй талаар нэгэн сонинд нэрээ нууцалсан эх сурвалж ярьсан байна. Дээрх мэдээний дараа агаарын тээврийн зарим компанийн хувьцаа огцом унасан аж.  ОХУ өнгөрсөн долоо хоногт Польшоос оруулж ирдэг алимны импортыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх шалтгаанаар зогсоосон юм. Гэвч жинхэнэ шалтгаан нь Польш Украины эрх баригчдыг дэмжсэнтэй холбоотой гэх таамаг байгаа юм.

 

Орчуулсан Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж