Залуучуудын ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Залуучуудын ДАШТ эхэллээ

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2014 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Хорватын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд болж байна.

Энэ тэмцээнд Албани, Алжир, Армян, Австрали, Австри, Азербайжан, Бразил, АНУ, Беларусь, БНСУ, БНХАУ, Болгар, Грек, Гүрж, Израиль, Иран, Испани, Итали, Казахстан, Киргиз, Колумб, Латви, Литов, Марокко, Молдав, Монгол, Норвег, ОХУ, Польш, Румын, Серб, Словак, Словен, Турк, Туркмен, Узбек, Украин, Унгар, Финланд, Франц, ХБНГУ, Хорват, Чех, Швед, Швейцар, Шинэ Зеланд, Эквадор, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 50 орны дөрвөн зуу гаруй бөх өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр сонгомол барилдааны 50 кг-ын жинд Азербайжаны бөх Нурулаев Ибрагим, 60 кг-ын жинд Эльман Мухтаров, 74 кг-ын жинд туркийн бөх Фуркан Баяран, 96 кг-ын жинд азербайжаны бөх Орхон Нуриев нар түрүүлсэн байна.

Тэмцээний хоёр дахь өдөр сонгомол барилдааны 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн барилдаан болж 55 кг-ын жинд зодоглосон азийн өсвөрийн аварга П.Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт армяны бөх Геворг Гхачивянд 1:3, 66 кг-ын жинд дэвжээнд гарсан азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Н.Амарсайхан /”Харгант-Цамхаг” клуб/ гүржийн бөх Шмаги Боливазед 4:13 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд хятадын бөх Вьюжинд 1:9 онооны харьцаагаар хожигджээ.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 63, 72 жингүүдийн барилдаан болно. Манай 4 бөх барилдана.

Сонгомол барилдааны дүн

50 кг               1. Ибрагим Нусруллаев /Азербайжан/

2. Алексей Жабский /Украин/

3. Славик Галстян /Армян/

3. Иштван Леваи /Словак/

            55 кг               1. Мурад Маммадов /Азербайжан/

2. Рустам Телишов /Киргиз/

3. Аслан Висаитов /ОХУ/

3. Гизо Мелазе /Гүрж/

60 кг               1. Эльман Маухтаров /Азербайжан/

2. Карен Асланян /Армян/

3. Озай Ясин /Франц/

3. Сергей Емелин /ОХУ/

66 кг               1. Шмаги Болквазе /Гүрж/

2. Рухин Микаилов /Азербайжан/

3. Золтан Леваи /Унгар/

3. Ибрагим Махмуд /Египет/

74 кг               1. Фурхан Байрак /Турк/

2. Паям Буери /Иран/

3. Гела Болквазе /Гүрж/

3. Саргис Кочарян /Армян/

84 кг               1. Ислам Аббасов /Азербайжан/

2. Денис Кудла /ХБНГУ/

3. Димитрос Церекидис /Грек/

3.  Лаша Гобазе /Гүрж/

96 кг               1. Орхан Нуриев /Азербайжан/

2. Сунг Джин Ким /БНСУ/

3. Золт Торос /Унгар/

3. Феликс Балдоуф /Норвег/

120 кг             1. Сергей Семенов /ОХУ/  

2. Мантас Книстаутас /Литва/

3. Осман Ялдирим /Турк/

3. Адам Кун /АНУ/

 

Залуучуудын ДАШТ-ний сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрлүүд 1969-2014 онуудад 37 дахь удаагаа, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 1988-2014 онуудад 17 дахь удаагаа болж байна.

Хорватийн бүгд найрамдах улс нь Төв европийн өмнөд хэсэгт, Балканы хойгийн баруун талд, Адриатын тэнгисийн эрэг дагуу оршдог улс юм. Югослав улс бутран тарахад 1991 онд тусгаар улс болсон, парламентийн засаглалтай, 2013 онд Европийн холбоонд элссэн. Нутаг дэвсгэрийн хуурай хэсэг нь 56 542 км², тэнгисийн хэсэг нь 33 200 км², 20 жупани буюу мужид хуваагддаг, 122 хот, 424 тосгон гацаатай, нийслэл нь Загреб хот. Аж үйлдвэрийн гол салбарууд нь усан онгоц болон машины үйлдвэрлэл, хими, хүнс, оёдол, мод боловсруулах, цахилгаан техник, эмийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн, аялал жууулчлалын орон юм. 4.2 сая хүн амтай, хүн амын 90.4 хувь нь хорватууд, бусад нь серб, босни, унгар, итали, словен, албан, чех, македони, черногори иргэд ажээ. Тусгаар улс болсноосоо хойш олимпийн 27 медаль, түүнээс 10 медалийг нь өвлийн олимпийн наадмаас авчээ. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, гандбол, усан поло, талбайн теннис спорт, уулын цана, шайбтай хоккей, биатлоны спорт өргөн дэлгэрсэн орон ажээ. Хорватуудын өвөг дээдэс зангиа зүүх соёлыг европ даяар анх дэлгэрүүлж байжээ.

Нийслэл Загреб хот нь 790 мянган хүн амтай, 641,29 км² нутаг дэвсгэртэй, Дунай мөрний цутгалан Саве голын эрэг дээр оршдог. 1094 онд анх байгуулагдсан тус хот нь одоо 17 районтой, Төв болон Дорнод европийн уулзвар дахь олон улсын худалдааны болон бизнес томоохон төв юм. Хорват улсын тус улсын компаниудын гуравны хоёр хувь, ажиллах хүчний дөчин хувь нь байдаг.


Төв европийн үзэсгэлэнт хот болох Загреб хотод эртний их сургууль бий, дэлхийд алдартай Мимирийн музей бий, дуу, хөгжмийн олон наадам болдгоороо алдартай юм.


Д.ӨЛГИЙСАЙХАН

(МЧБХ)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж