Засаг дарга тань хаачив аа?

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Засаг дарга тань хаачив аа?

-“Ээлжийн амралтаа авсан”, “гадаад явсан”, “ирж яваа”, “хөдөө байгаа”-

Монгол Улс 21 аймаг, 320 гаруй сумтай ч дийлэнх удирдлагууд амарчээ. Найр наадам хэссээр ядарсан уу Засаг дарга, ИТХ-ын дарга нар орлогчдоо ажлаа ацаглан амралтаа авч одсон байв. Жил бүрийн наадмын дараа хөдөө, хотгүй амралт эхэлдэг ч эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас аймгийн Засаг дарга нарт ажиллах чиглэл өгснөөс амралт олгоогүй аж. Гэвч Дорноговь, Дархан-Уул, Өвөрхангай, Завхан аймгийн Засаг дарга нар амралтаа авсан байлаа. Тэдний энэ үйлдлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг “Өөрсөддөө амралт олгосон байна” хэмээн дүгнээд, тэднийг эргэж холбогдохыг орлогч нарт нь үүрэг болгосон юм. Засаг дарга нь байхгүй аймгуудаас “Засаг дарга ээлжийн амралтаа авсан, гадаад явсан, ирж яваа, хөдөө байгаа” гэх хариулт сонсогдож байв. Техник, технологи хөгжихийн хэрээр Засаг дарга ажлаа хийж байна уу, амралтаа авч уу гэдгийг шалгахад амар болж… Цахим хурал зарлахад л ерөнхий дүн нуруу нь гараад ирэх аж. Энэ тухай тоймлон хүргэе.

Сар бүрийн эхний долоо хоногт Засгийн газар аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, асуудлыг нь сонсдог уламжлалтай. Мөн зөрүүлээд үүрэг чиглэл өгдөг. Өчигдөр зарлагдсан цахим хурлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг удирдсан юм. Тэрээр хурал эхлэхийн өмнө цагаан толгойн үсгийн дарааллын дагуу аймгуудтай холбогдов.

Архангай

Ч.Сайнбилэг: -Архангай аймгийн удирдлагууд байна уу?

-“Удирдлагууд байхгүй байна”.

Ч.Сайнбилэг: –Ийм байдалтай байж таарахгүй, дарга нараа дууд.

Булган

Ч.Сайнбилэг: Булганы удирдлагууд байна уу, Засаг дарга, ИТХ-ын дарга хаачив аа. Баахан эмэгтэйчүүд суух. Удирдлагууд аа дууд.

Говь-Алтай

Ч.Сайнбилэг: -Говь-Алтайн Засаг дарга, ИТХ-ын дарга нар гараа өргөе.

-Засаг даргын орлогч байна аа, аймгийн Засаг дарга өчигдөр Улаанбаатар хот руу явсан. ИТХ-ын дарга цахим хуралд оролцохоор ирж яваа.

Ч.Сайнбилэг: Дэлгэр сум “Шинэ сум” төсөлд хамрагдсан боловч гэрээгээ хийлгүй байсаар зун дуусгасан. Удахгүй намар дуусах нь, гэрээгээ яаравчилаач ээ.

Говьсүмбэр

Ч.Сайнбилэг:-Говьсүмбэрийн Засаг дарга байна, ИТХ-ын дарга, Тамгын газрын дарга алга. Ирц дутуу байна шүү.

Дархан-Уул

Ч.Сайнбилэг:-Засаг дарга тань хаачив аа?

-Цахим хуралд Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга оролцож байна. Засаг дарга н.Насанбат амралтаа авсан.

Ч.Сайнбилэг: Засаг дарга нарт ээлжийн амралт албан ёсоор олгоогүй. Өөртөө амралт олгож амарсан байна, утсаар холбогд гэж хэл.

Дорноговь

Ч.Сайнбилэг:-Засаг дарга Жанлав хаачсан бэ?

-Засаг даргын орлогч цахим хуралд оролцож байна, Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга хоёр амралтаа авсан.

Ч.Сайнбилэг:-Засаг даргыгаа утсаар холбогд гэж хэл, амралт албан ёсоор олгоогүй байхад өөртөө амралт өгдөг байх нь ээ.

Дорнод

Ч.Сайнбилэг:-аймгийн Засаг дарга хаачив аа?

-Засаг даргын орлогч байна, Засаг дарга гадаад руу явсан, аймгийн ИТХ-ын дарга хуралд оролцохоор Улаанбаатар хот явсан.

Дундговь бүх удирдлага бүрэн цахим хуралд оролцов

Завхан

-Завхан аймгийн Засаг даргын орлогч байна, аймгийн Засаг дарга Жамъянтив амарсан. Зарим дарга хөдөө ажлаар яваа.

Ч.Сайнбилэг:-Зунжингаа наадлаа хангалттай юм биш үү, өвлийн бэлтгэл хангаж ажиллах цаг ирээд байна шүү дээ.

 Орхон аймгийн бүх удирдлага цахим хуралд оролцов.

Өвөрхангай

-Аймгийн Засаг даргын орлогч байна аа, Засаг дарга амралттай байгаа.

Өмнөговь

-Засаг даргын орлогч байна, Аймгийн Засаг дарга цахим хуралд оролцохоор ирж яваа. ИТХ-ын дарга амарсан.

Ч.Сайнбилэг: Гурвуулахнаа сууж байна шүү дээ, бусад чинь амарчихсан юм уу.

Сэлэнгэ

-Засаг даргын орлогч байна, Засаг дарга хөдөө ажиллаж байгаа. Аймгийн ИТХ-ын дарга хилийн уулзалттай яваа.

Төв аймаг

Ч.Сайнбилэг:-Баярбат дарга хаачсан бэ?

-Одоо орж ирнэ.

Увс

Увс аймгийн Засаг дарга н.Цэндсүрэн цахим хуралд оролцлоо, аймгийн ИТХ-ын дарга нь хөдөө томилолтоор ажиллаж байгаа аж.

Ховд

Засаг даргын орлогч нь оролцов,  Засаг дарга нь хөдөө ажиллаж байгаа аж. Наадам дууссан уу  гэх асуултад “Дууссан” гэх хариулт өглөө.

Хөвсгөл

Ч.Сайнбилэг:-Хөвсгөл байна уу?

-Засаг дарга Эрдэнэбаатар цахим хуралд оролцож байна, аймгийн ИТХ-ын дарга амарсан.

Ч.Сайнбилэг: Хөвсгөл аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг энэ онд ашиглалтад оруулахыг Хутаг-Өндөр суманд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас үүрэг болгосон. Ямар арга хэмжээ авч байна вэ?

Ж.Эрдэнэбаатар:-Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Хэнтий

Хэнтий аймгийн удирдлагууд бүгд цахим хуралд оролцлоо.

Баянхонгор

Ч.Сайнбилэг: -Засаг дарга Жаргалсайхан хаачив аа?

-Ажлаар явж байгаа.

Ч.Сайнбилэг: – ИТХ-ын дарга аа дууд

-Амарсан

Сард нэг удаа аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Засаг дарга нар иймэрхүү ирцтэйгээр оролцлоо.

Өвлийн бэлтгэлийг хангах их ажил хүлээж байгаа ч орон нутагт ажил ундуй сундуй байж мэдэхээр байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж